Намрын чуулган үргэлжилж байна.
2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн УИХ-ын үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдүүлэх боломж, төрийн албан хаагчдын цалингийн бодлого, нийгмийн хамгааллын асуудлаар асуулт тавив. Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал орлогыг энэ удаа бодит түвшинд тооцсон, төрийн оролцоог бууруулах бодлого баримталж байгааг онцлов. Тэрбээр экспорт нэмэгдүүлэх, усны төслүүдийг (Орхон-Онгийн, Хэрлэнтоонот) урагшлуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх чиглэлээр ажиллаж буйгаа дурдав.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027–2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлж, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Батчимэг танилцууллаа.
Хэлэлцүүлгийн явцад 490 тэрбум төгрөгөөр орлого, зарлага нэмэгдүүлэх санал дэмжигдсэн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг зөрчиж болзошгүй гэж үзэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр дүгнэлт танилцуулав. Иймээс төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Байнгын хороодод буцаахаар болжээ.
Сэтгэгдэл үлдээх