Дэлхийн хамгийн алдартай музейн нэг болох Парис хотод байрлалтай Луврын музейд хулгай гарсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Нийт долоон үнэт эдлэл алдагдсан бөгөөд 88 сая евро буюу 102 сая ам долларын үнэлгээтэй юм.
Энэ бямба гарагт тус хотын мэдээллийн байгууллагууд Парис хотын прокурорын газар дөрвөн хулгайчийн хоёрыг нь баривчилсан хэмээн мэдээлж байна. Тэдний нэгийг Алжир улс руу явах гэж байхад нь “Шарль де Голль” нисэх онгоцны буудлаас баривчилсан бол хоёр дахь сэжигтнийг Мали улс руу зугтан зайлах гэж байхад нь баривчилсан байна.
Одоогоор алдагдсан үнэт эдлэлүүдийг олоогүй байгаа бөгөөд шинжээчид аль хэдийн хайлуулсан байх магадлалтай хэмээн үзэж байна. Мөн прокурорын газраас тус хэрэгтэй холбоотой мэдээллийг хугацаанаас өмнө задруулсан нь хулгайчдыг олж, үнэт эдлэлүүдийг олох ажиллагаанд саад учруулсан хэмээн шүүмжилж байна.
Уг хэрэг явдлаас хойш Луврын музей хамгийн нандин үнэт эдлэлүүдээ Парис хотод байрлалтай Францын төв банк руу шилжүүлсэн байна.
Тэдгээр гоёмсог эдлэлүүд одоо тус барилгын доод давхраас 26 метрийн доор байрлах банкны хамгийн найдвартай хэсэгт хадгалагдаж байна.
Сэтгэгдэл үлдээх