Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан өнөөдөр /2025 оны аравдугаар сарын 27/ болж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоол “Концессын гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэж байна.
Тус компани нь олон нийтийн дунд “Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хамааралтай” хэмээн нэрлэгддэг бөгөөд уг шүүхийн шийдвэрийн үр дүнгээр стратегийн ач холбогдол бүхий орд газар түүний мэдэлд буцаж очих эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна.
“Кью Эс Си” ХХК нь 2014 онд Эдийн засаг, хөгжлийн яамтай Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд концессийн гэрээ байгуулж байсан. Гэвч 8 жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, техник, технологийн шинэчлэл хийгээгүй, харин байгалийн баялгийг түүхийгээр нь экспортолж, өртгөөс баг үнээр борлуулж улсад татвар төлөхөөс зайлсхийж төлөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул Засгийн газар 2022 онд гэрээг цуцалсан юм.
Харин “Кью Эс Си” ХХК нь энэхүү шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өнөөдрийн давж заалдах шатны шүүхээр шийдвэр гарах юм. Засгийн газрын байр суурь нь тодорхой Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн зарчмыг хэрэгжүүлж, стратегийн ач холбогдол бүхий Төмөртэй төмрийн хүдрийн ордыг төрийн мэдэлд үлдээх ёстой гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн, Авлигатай тэмцэх газраас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК болон “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотойгоор албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр 20 хүн, 2 хуулийн этгээдийг, түүний нэг нь “Кью Эс Си” ХХК-ийг яллагдагчаар татсан байдаг.
Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд газрыг төрийн мэдэлд байлгах, төрийн эзэмшлийн хувийг Улсын Их Хурлын шийдвэргүйгээр бусдад шилжүүлэхийг хориглодог. Гэвч өнөөдрийн шүүхийн шийдвэрээр, хэрэв “Кью Эс Си” ХХК-ийн талд шийдвэр гарвал төрийн мэдлийн Төмөртэй төмрийн хүдрийн орд дахин Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компанийн мэдэлд очих нөхцөл бүрдэх эрсдэлтэй байна.
Төрийн мэдлийн стратегийн ордыг хувийн бүлэглэлд шилжүүлэх үү, эсвэл ард түмний өмч хэвээр үлдээх үү? энэ бол өнөөдрийн шүүхийн шийдвэрээр тодорхой болох чухал асуудал юм. Шүүхийн шийдвэрийн талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл үлдээх