Ундны усны хамгаалалтын газар театр барихаар болжээ

.Graph
2025-10-27

Улс төр ид халж, томчууд нь хоорондоо үзэлцэж байх зуур НИТХ-ын ээлжит V хуралдаан болж, нийслэлдээ ганцад тооцогдох томоохон ногоон байгууламжаасаа газар хумсалж, барилга барихаар болжээ. Томоохон ногоон байгууламж гэдэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Уг цэцэрлэгт хүрээлэн нийт 973.3 га газартай агаад энэ хэмжээгээрээ Азидаа 6 дугаарт ордог томоохон ногоон байгууламж бүхий хүрээлэн юм. 

Гэвч үүний 10 хувьд нь буюу 96.44 га газарт бүтээн байгуулалт хийхээр болжээ. 

Хоёр орны Ерөнхийлөгчийн тохироо

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгчтэй хэлцэлд хүрч, 16 баримт бичигт гарын үсэг зурсан байдаг. Тэдгээрийн нэг нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад Үндэсний урлагийн их театрыг барьж байгуулах байв. 

70 гаруй жилийн түүхтэй Үндэсний урлагийн их театрын дээврээс дусаал гоожиж, чийг даан, хөгц үнэртдэг болсноор Драмын театрын байранд толгой хоргодож буй. Үндэсний гэх тодотголтой театрыг маань буцалтгүй тусламжаар шинэ байртай болгож өгөх гэж байгаа нь талархууштай ч театр барих газар нь их хотын ногоон байгууламж, ундны усны хамгаалалтын бүс гэдэг нь халагламаар. 

Угтаа бол тус театрыг барих байршил 2-3 удаа солигдож байсан түүхтэй. Анх СБД-ийн Ногоон нуур орчимд 10 га газарт барихаар төлөвлөж байсан ч байршлаа өөрчлөн, ХУД-ийн наймдугаар хороонд барихаар шийдвэрлэж, газрыг албан ёсоор сонгосон тухай тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин мэдээлж байв. 

Гэтэл 2025 оны 10 сарын 16-ны өдрийн НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Үндэсний урлагийн их театрын барилгыг БЗД-ийн 11, 26-р хороо буюу Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр барихаар шийдвэрлэлээ. 

15 хүн 1.7 сая хүний ундны усны аюулгүй байдлыг шийдэв

Тухайн өдрийн хуралдаан руу ухаръя. НИТХ-ын V хуралдаан 10 сарын 16-ны 12:00 цагийн үед эхэлсэн бөгөөд хуралд оролцох ёстой 45 төлөөлөгчийн 23 нь хуралдаа ирж, 51.1 хувийн ирцтэй эхлэв. Ийнхүү хурал эхэлж, тов дарааллын дагуу асуудлуудаа хэлэлцэж байгаад хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт орсон “Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцууллаа. Ийнхүү ерөнхийлөн томьёолсон асуудал дотор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44 га газарт бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө багтжээ. Тодруулбал, 

  • Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40 га,
  • Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18 га, 1-р тойрог замын 4.26 га газарт бүтээн байгуулалт хийхээр төлөвлөснөө танилцуулав. 

Үүнээс өмнө НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны дүгнэлтээр эсэргүүцсэн байна. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх, холбогдох байгууллагуудаас санал авсан эсэх, барих газрыг өөрчилж Баянхошуу, Сэлбэ зэрэг дэд төвүүдийг түшиглэн барих нь зүйтэй гэжээ.

Туулын хурдны зам, 1-р тойрог замын бүтээн байгуулалт нь хотын тулгамдсан асуудал болох түгжрэлтэй нягт холбогдож байгаа тул уг асуудал ямар ч саадгүйгээр дэмжигдэн батлагдсан. 

Энэ үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга асан Ү.Оюунзул Улаанбаатар хотод ганцхан байгаа томоохон ногоон байгууламж бүхий газрын 10 хувийг хумсалж, бүтээн байгуулалт хийх гэж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлээд байгаль орчны үнэлгээ хийсэн эсэх Усны газар болоод Ус сувгийн удирдах газартай зөвшилцөж, санал авсан эсэхийг лавлахад Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “хоёр орны Ерөнхийлөгч ярилцаж шийдсэний дагуу урьдчилсан байдлаар төлөвлөсөн учраас анхан шатны бичиг баримтуудыг холбогдох газруудтай хэлэлцэж, тодруулах шатандаа явж байгаа. Эргээд Ү.Оюунзул төлөөлөгчид бичгээр тодорхой хариу өгье” гэж бөөрөнхийлөв.

Эндээс харахад мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөж, танилцуулж, дүгнэлт гаргалгүй, шууд л НИТХ-аар батлуулах гэж улайрсан нь харагдана. 

Мөн Т.Батцогт, О.Зундуйдорж, Б.Золтуяа тэргүүтэй АН-аас сонгогдсон төлөөлөгч нар эсрэг байр суурь илэрхийлж байсныг дурдах нь зүйтэй. 

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтын хувьд заавал ундны усны эх үүсвэр болсон газарт биш түүний ард 1 км хүрэхгүй газарт зориулалтын дагуу ашиглахгүй байгаа хууль зөрчсөн газарт театрын барилгыг барих санал гаргасан ч дэмжигдээгүй юм.    

Ийнхүү санал хураахад 45 гишүүний 26 нь ирцдээ бүртгүүлсэн байсан бөгөөд тус 26 гишүүний 15 (57.7 хувь) нь Үндэсний урлагийн их театрыг ундны усны хамгаалалтын газар буюу хотын ногоон байгууламж бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт барихыг дэмжив. 

1.7 сая хүний ундны усны аюулгүй байдалтай холбоотой асуудлыг 15 хүний саналаар шийдвэрлэчихсэн нь ийм түүхтэй. 

Ундны усны эх үүсвэрийг хамгаалах гэсэн төлөөлөгч нар улстөржив үү

Хуралдааны үеэр ундны усны эх үүсвэр дээр барилга барихыг эсэргүүцсэн төлөөлөгч нарыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай улстөржиж байна гэж ундууцсан. 

Тэрбээр “Улаанбаатар хот Сэлбэ, Туул, Дунд гол гээд усны нутаг. Дэлхийн жишгээрээ голоо дагаж байрладаг. Ундны усаа голоосоо ч, голын гүнээсээ ч авч байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хийгээд голоо дагаад төлөвлөлт хийгээд явдаг. Дэлхийн жишиг яриад хотоо хөгжүүлээд түгжрэлээ шийдье, агаарын бохирдлыг бууруулж ажил хийх гэхээр улс төржөөд байх юм. Үндэсний урлагийн их театрыг 200 сая ам.доллароор барих гээд хүлээгээд байдаг. “Асем вилла”, гольфийн талбай гээд хувийн байгууллагууд барилга барьж болдог, улс өөрсдийн мэдэлдээ ажил хийж болохгүй гэж үү” хэмээв. 

Уг ундууцалд НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Төлөөлөгч хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор ажил хэрэгч санал тавьж байхад улстөржлөө гэж юу гэсэн үг вэ. Чи тэр гудамжиндаа гараад улстөрждөг ажлаа хийдэг юм байгаа биз. Та нарын оруулж ирсэн алдаатай асуудлыг зөв болгох гээд саналаа хэлж байна. Санал хэлж болохоо байчихсан юм уу. Хэлсэн санал бүр улстөржлөө гэх агуулга руу хувирч байгаа юм уу. Ундны усны эх үүсвэр бүхий 4 га биш бүхэл бүтэн 40 га газар барилга барина гээд сууж байх юм. Өөр ямар арга зам байна вэ, заавал энд барих ёстой юм уу.

Үнэгүй хөрөнгө оруулалт гээд өөрсдийнхөө уух ус руу хор хийгээд сууж байх юм уу.

Хэн ч ашиглахгүй байгаа, гэхдээ ямар нэг буруу замаар олоод авчихсан газарт яагаад төлөвлөөд, хэлэлцээр хийж болохгүй байгаа юм. Зүгээр залхуураад бэлэн байгаа газартаа барина гээд хойрго хандаад байх юм” хэмээн шүүмжилсэн байдаг.   

МАН НИТХ-ын 2024 оны сонгуулиар 45 суудлаас 40 суудлыг нь авсан. Үлдсэн таван суудал АН-д ногдсон. Нэмээд төлөөлөгч бүр Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, өмчит төсөвт газруудын даргаар ажилладаг. Угтаа бол Засаг дарга түүний нэгжүүдийг хянах үүрэгтэй төлөөлөгч нар Засаг даргынхаа, тамгын газрынхаа халаасанд байгаа гэсэн үг. Тэгэхээр НИТХ-аар ямар ч асуудал хэлэлцсэн ногоон гэрлээр батлагдах нь тодорхой. 

Гэтэл эсрэг намын ганц нэг хүн эсэргүүцэж дуугарахад улстөржиж байна гэж хүлээж авч байгаа Засаг даргын орлогч өөрөө улстөржиж байгаа мэт ажиглагдав. 

Эрүүл санал, шүүмжийг ч улстөржилт гэж хүлээж авч байгаа Т.Даваадалай орлогч иргэдийн төлөөлөгчдийнхөө дээр нулимахаар хэмжээнд мандсан бололтой. 

Наадмын өмнө сэмхэн батлуулсан хуулийн өөрчлөлт

“Чоно борооноор”, “Зуд болоход нохой зоолно” гэж сайхан хэлц үгнүүд бий. Яг энэ хэлцийг тайлбарлах нэг жишээ өнгөрсөн наадмын өмнө тохиожээ. 

Усны тухай хуулийн “Усны нөөцийг хамгаалах, усан орчинг нөхөн сэргээх” гэх гуравдугаар бүлгийн 22 дугаар зүйлд усны нөөцийг хамгаалах хэсэг бий. Уг хэсгийн 22.2.1 дэх хэсэгт 2025 оны 7 сарын 9-ний өдөр өөрчлөлт оруулжээ. 

Өөрчлөлт оруулахаас өмнөх агуулга: 

22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.

Өөрчлөлт оруулсны дараах агуулга: 

22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.

Эндээс харахад “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад…” гэж нэмж өгсөн байна. Уг 5.1.8 дахь хэсэгт “"нийтийн зориулалттай дэд бүтэц" гэж нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг” хэлнэ гэж заадаг. 

Тэгэхээр үндэсний урлагийн их театрын барилгыг "нийтийн зориулалттай дэд бүтэц" гэж үзээд, ундны усны эх үүсвэр бүхий онцгой хамгаалалтын бүс болох Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд барихаар болсон нь энэ. 

Үүнд төлөөлөгч Ү.Оюунзул “Өмнө нь хуультай харшилдаг байсан ч хуулийг нь хүртэл өөрчилчихсөн байна” хэмээн шүүмжлээд амжсан. 

Тэгэхээр их эртнээс бэлтгэж, хуулийн зүйл заалтдаа өөрчлөлт оруулж явсаар ийнхүү додигор гэгч нь тогтоолын төслөө батлуулжээ. 

Хуралдаа суудаггүй төлөөлөгчид

НИТХ-ын ээлжит V хуралдаан эхлэхэд 45 төлөөлөгчийн 23 нь хуралдаа ирж, ирцээ бүртгүүлсэн тухай дээр дурдсан. Ийнхүү хуралдаан завсарлаад, үргэлжлэхэд энэ тоо гурваар нэмэгдэж 26 төлөөлөгч хуралдсан байдаг. 

Үлдсэн 19 төлөөлөгч хаачив?

НИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаанууд УИХ-ын чуулган шиг долоо хоног бүр хуралдаад байдаггүй. Нэг сард нэг удаа, хоёр сард нэг удаа, бүр 4 сарын зайтай ч болох тохиолдол бий. 

Тухайлбал, НИТХ-ын ээлжит IV хуралдаан л гэхэд 2025 оны 7 сарын 8-нд хуралдсан. V хуралдаанаас бүхэл бүтэн 3 сарын өмнө хуралдсан гэсэн үг. Ийм хол зайтай хуралдаж байхад ирцээ бүртгүүлээд, хуралдаа идэвхтэй сууж чаддаггүй хүмүүс нийслэлийн иргэдийг төлөөлж байна гэдэг харамсалтай. 

Хуралд ирсэн хэд нь ирцийн хувиа давуулсан болоод цөөн хэдээрээ асуудлаа батлаад шийдчихдэг энэ үзэгдэл хэдий хүртэл үргэлжлэх вэ. 

Төлөөлөгчдийг хуралд хамруулж чадахгүй байгаа НИТХ-ын ажлын алба буруутай юу, даргалагчийн хувиар НИТХ-ын дарга А.Баяр буруутай юу. Угтаа бол сургуулийн хүүхдүүд шиг “хичээлээ битгий тасал” гэж хэн нэгнээр гуйлгаж түүлгэлгүй, үүрэг хүлээж тангараг өргөснийхөө хувьд хуралдаа цагтаа ирж, хэлэлцэж буй асуудлаар иргэдээ төлөөлөн байр сууриа илэрхийлж, санал санаачилга гаргах гэж тэд тэнд суугаа. Тийм ухамсартай, мэдлэгтэй чадвартай гэж иргэд итгээд тэднийг сонгосон. 

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтын хэлдгээр дээрх асуудал бол түүхэн шийдвэр.

Одоогоор уг асуудлын хор уршиг мэдрэгдэхгүй ч 10, 20 жилийн дараа ундны усны хамгаалалтын бүсэд барилга барьсан нь асуудал үүсгэж, иргэдийн эрүүл мэндэд аюул заналхийлбэл хэн хариуцлага хүлээх вэ. Ундны усны хамгаалалтын бүсэд театр барихыг дэмжиж, кноп дарсан 15 төлөөлөгч хариуцлага хүлээх үү?

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe