БНХАУ-ын 15 дахь таван жилийн төлөвлөгөөний талаар бидний мэдэх ёстой бүх зүйл

Д.Халиунаа
2025-10-27

БНХАУ-ын таван жилийн төлөвлөгөө гэж юу вэ

Хятад улс 1953 оноос хойш таван жилийн төлөвлөгөөг боловсруулж, өдгөө 14 таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлээд байна. Уг төлөвлөгөөг хэлэлцэх хуралдааныг таван жилд нэг удаа буюу дараагийн таван жил эхлэхээс нэг жилийн өмнө хэлэлцдэг.

Процессын хувьд Хятадын Коммунист намын удирдлага дор Намын Төв Хорооноос төлөвлөгөөний санал дэвшүүлж, Төрийн Зөвлөл төлөвлөгөөний хөтөлбөрийг боловсруулж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар хэлэлцэн баталж, хэрэгжүүлдэг стратегийн баримт бичиг юм.

Ирэх таван жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогоо хэлэлцэж, дараагийн таван жилийн гол зорилгоо тодорхойлох чухал ач холбогдолтой.

15 дахь таван жилийн төлөвлөгөө(2026–2030) хэлэлцээрийн талаар

Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөг энэ сарын 20-23-ны өдрүүдэд Бээжин хотноо Хятадын Коммунист намын Төв Хорооны 20 дахь удаагийн хурлаар хэлэлцлээ. Тус хуралд намын төв хорооны 204 гишүүнээс 168 гишүүн оролцсон байна.

Хятад улс 14-р таван жилээс 16-р таван жил (2021-2035) хүртэлх хугацаанд үндсэндээ социалист шинэчлэлд хүрэх зорилгыг тавьсан бөгөөд энэ удаагийн төлөвлөгөө нь дараагийн арван жилийн зорилтод нөлөөлөх чухал үе шат юм.

15 дахь таван жилийн төлөвлөгөөний гол үзэл нь Хятадыг “хямд хөдөлмөрийн экспортлогч” бус, “өндөр технологийн ногоон эдийн засаг бүхий шинэ үеийн үйлдвэрлэлийн гүрэн” болгох зорилгод нийцүүлэх талаар хэлэлцсэн юм. Энэхүү 15 дахь таван жилийн төлөвлөгөөг ирэх оны гуравдугаар сард дахин хэлэлцэж, албан ёсоор батлах аж.

БНХАУ-ын 14 дэх таван жилийн төлөвлөгөөний үр дүнгийн талаар

Энэ хугацаанд (2021-2025) Хятад улс технологийн шинэчлэлээр дамжуулан эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулж, тогтвортой хөгжилд шилжсэн. 2024 онд Хятадын худалдааны ашиг долоон их наяд юань (960.5 тэрбум ам.доллар) хүрсэн бол саяхан нийтэлсэн "Дэлхийн инновацийн индекс 2025"-ын дагуу Хятад улс анх удаа дэлхийн шилдэг арван шинийг санаачлагч орны тоонд орсон байна.

Мөн ядуу байсан хөдөө тосгоны нэг хүнд ноогдох мөнгөн орлого жилд дунджаар 7.8 хувиар(бодит үзүүлэлтээр) өссөн нь улсын дунджаас давсан байна.

Энэ оны байдлаар Хятад иргэдийн Засгийн газартаа итгэх итгэл дэлхийн хэмжээнд хамгийн өндөр хэвээр байгаа бол тэдний ирээдүйн талаар ерөнхий өөдрөг үзэл дэлхийн хэмжээнд нэгдүгээрт бичигдэж байна.

Харин манай улсын хувьд энэ үзүүлэлт жил бүр буурсаар улс орны ирээдүй сайхан болно гэдэгт итгэлгүй байгаа иргэдийн тоо сүүлийн таван жилийн хугацаанд 11.7 хувиар өсжээ.

Энэ мэтчилэн тэдний 14 дэх төлөвлөгөө дуусахтай зэрэгцээд 2021 онд баталсан ихэнх зорилтууддаа хүрч чадсан хэмээн шинжээчид үзэж байна. 

БНХАУ-ын 15 дахь таван жилийн төлөвлөгөө Монголд хэрхэн нөлөөлөх вэ

Монгол, Хятад хоёр улс эрт дээр үеэсээ эдийн засаг, түүх, соёлын үнэт харилцаатай билээ. БНХАУ болон Монгол хоёр орон 1949 оны аравдугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаанд найрсаг хөршийн харилцаа нь гол шугам болсоор ирсэн. Харин 2003 онд харилцан итгэлцэлд суурилсан нөхөрсөг хөршийн харилцааг тогтоосон байдаг.

1990 онд Монгол Улсын БНХАУ-тай хийсэн худалдаа нийт худалдааны эргэлтийн 1.5 хувь байсан бол 2012 онд энэ нь 53.0 хувь болон нэмэгджээ.

Харин 2020 онд  Монгол Улсын нийт экспортын 92 хувь нь БНХАУ-д чиглэж байгаа бөгөөд нийт экспортын 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа юм.

Харин дээр дурдсанчлан Хятадын дараагийн таван жилийн төлөвлөгөөнд “ногоон үйлдвэрлэл”, “эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэр” рүү шилжихийг баримталсан бөгөөд тэд 2060 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаралгүй болох зорилт тавиад байгаа.

Хятад улс дахь гангийн үйлдвэртээ хязгаарлалт оруулснаар коксжих нүүрсний хэрэглээ буурч, харин зэс, литий зэрэг газрын ховор элементийн түүхий эд нэмэгдэх төлөвтэй байна.

Тэгвэл манай улс 2022 онд чулуун нүүрсний 94.0 хувийг БНХАУ руу, зэсийн баяжмалыг 100 хувийг мөн тус улс руу экспортолжээ.

Үүнээс харахад Хятадын шинэ төлөвлөгөөний хүрээнд манай улсын газрын ховор элементийн экспортын нийлүүлэлт өсөж, экспортын нүүрсний хэмжээ урт хугацаандаа буурах магадлалтай байна.

Тиймээс бид Хятадын 15-р таван жилийн төлөвлөгөөнд орох зохицуулалтууд болон бодлогын арга хэмжээнүүдэд зайлшгүй анхаарлаа хандуулж, үүнд тусгагдсан гарах өөрчлөлтүүдэд уян хатан байдлаар хандаж, төлөвлөгөөгөө боловсруулах нь зүйтэй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe