Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Н.Эрдэнэхүүг өнгөрсөн 5-р сарын 2-нд үүрэгт ажлаас нь чөлөөлж, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал байсан М.Адилсайханыг түүний оронд томилсон байдаг. Уг шийдвэрийг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гаргасан бөгөөд албан тушаалаасаа гэнэт чөлөөлөгдсөн Н.Эрдэнэхүү шүүхэд хандахаа мэдэгдээд байв.
Тэгвэл Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 10-р сарын 7-ны өдрийн захирамжаар Т.Мөнхсайхан сайдын гаргасан тушаал үндэслэлгүй бөгөөд энэхүү захирамж гарснаар хүчингүй болсон талаар Н.Эрдэнэхүү өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Уг шийдвэр гарснаар Н.Эрдэнэхүүгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хууль тогтоомжид заасан журмын дагуу зохих ёсоор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх юм.
Энэ талаар Н.Эрдэнэхүү эмч “Ямар ч гэсэн Монгол улс шүүхтэй юм, шүүх нь хөдөлмөрийн эрхийг хамгаалдаг юм байна. Харин хэн нэгэн сайд өөрийгөө хүчтэй гэж эндүүрэн хэн нэгнийг “буллидаж” дарамтлахын тулд хуулийг уландаа гишгэж болдоггүй юм байна гэдгийг энэхүү шийдвэр харуулж байгаад баяртай байна. Нэлээн ч амарлаа. Эрүүл мэндийн төлөө, хүний төлөө гэсэн хэнхэг нь дутахгүй ажил уруугаа марш” гэжээ.
Ийнхүү хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгох юм.
Энэ талаар одоогийн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Шүүхийн шийдвэр гарсан ч Н.Эрдэнэхүү захирал өөрөө ХСҮТ-ийн захирлаар ажиллахгүй гэсэн тул эхний ээлжинд цалин, НДШ-ийг нь нөхөн олгоод, дараа нь буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэв.
Сэтгэгдэл үлдээх