Монголын ардын нам, УИХ, бүлэг дээрээ хагарсан МАН-ыг 2 өдөрт эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулсан гэв

Г.Энэбиш
2025-10-28

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр "МАН-ын Удирдах Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Таван цаг гаруй хуралдаж намын дотор үүсээд буй улс төрийн нөхцөл байдлыг ярилцаж, ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсэг хоёр хоногийн хугацаанд хагаралдаад байгаа хоёр талыг эвлэрүүлж, эв нэгдлийг хангах хүрээнд ажиллана. Зөвхөн намын дотоод асуудлаас гадна улсын төсөв, шатахууны асуудал гээд цаг үеийн асуудлыг ярилцсан.

УИХ-ын гишүүд болон ахмад гишүүдийг оролцуулсан ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг өнөөдөртөө хуралдаад маргаашаас ажилдаа орно. Ажлын хэсгийн ахлагчаар Ч.Хүрэлбаатар ажиллана.

Арваннэгдүгээр сарын 15,16-нд МАН-ын Их хурал хуралдана. Намын Их хурлаар Намын даргын асуудлыг дахин ярина.

50+1 гэсэн зарчмаар шийднэ. Мөн МАН-ын хяналтын хорооны гишүүд давхар УИХ гишүүн байх эрхтэй ч хяналтын хорооны дарга байх боломжгүй" гэж энэ үеэр мэдээллээ. 

Мөн МАН-ын 30 дугаар Их хурлаар тухайн үед МАН-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга байсан Д.Амарбаясгалан нар намын дүрэмдээ нэгэн хатуу заалт оруулсан юм. Тодруулбал, Монгол Ардын Намын дүрмийн 4.3-т “Намын гишүүн нь илтэд ёс зүйн зөрчил, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон бол намын болон намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргана” гэсэн заалттай болсон. Энэ хүрээнд УИХ дарга асан Д.Амарбаясгаланг намаас хөөх үү? гэх сэтгүүлчийн асуултад энэ удаагийн Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлаар энэ асуудлыг авч хэлэлцээгүй гэж мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe