Израиль Хамас бүлэглэлийг гал зогсоох дүрэм зөрчсөн хэмээн үзэж, Газад цохилт өглөө

Д.Халиунаа
2025-10-29

Палестины газар нутаг Газын зурваст хоёр жилийн турш үргэлжилсэн Израиль, Хамас бүлэглэлийн дайн хараахан өндөрлөөгүй бололтой. Энэ сард АНУ-ын дэмжлэгтэй энхийн хэлэлцээрийн хүрээнд Газад гал зогсоох гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан билээ. Тус хэлэлцээрийн хүрээнд Израиль болон Хамас тал барьцаалагдсан иргэдийг солилцох зөвшилцөлд хүрсэн.

Харин өчигдөр буюу мягмар гарагийн орой Израиль Хамас бүлэглэлийг Газын зурваст Израилийн цэргүүд рүү дайрч, амь үрэгдэгсдийн цогцсыг буцааж өгөх нөхцөлийг зөрчсөн хэмээн үзэж, Газын зурваст хүчтэй цохилт өгчээ.

Газа, Бейт Лахиа, Аль-Бурейж, Нусейрат, Хан Юнис зэрэг хотуудад дэлбэрэлт болсны улмаас 33 орчим Палестин иргэн амиа алдаад байна. Мөн Газа хотын өмнөд хэсгийн Сабра дүүрэг дэх нэгэн гэр бүлийн байшинг бөмбөгдсөний улмаас дөрвөн хүн амиа алдсан бөгөөд түүний дотор гурван эмэгтэй байжээ.

Израилийн Батлан хамгаалах яамны сайд Катз “Хамас бүлэглэл манай цэргүүд рүү дайрч, гэрээг зөрчсөнийхөө хариуг хэд дахин нугалж төлөх болно” гэж мэдэгдсэн бол Хамас тал Израиль цэргүүд рүү дайрсан гэх үндэслэлийг буруушааж, гал зогсоох хэлэлцээрт тууштай байгаагаа мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe