Хариуцлагын гэрээ зөрчсөн Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөллөө

.Graph
2025-10-29

Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа. Албан тушаалаас нь огцруулах бичгийг өчигдөр буюу 10 сарын 28-нд гаргасан бөгөөд өнөөдөр Засгийн газрын хуралдааны эхэнд олон нийтэд мэдэгдсэн юм. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Бид Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэхдээ буруу зорилготой улсуудын өс хонзонгийн сэдлээр, үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн хууль бус үйл ажиллагаа даамжирсан. Харамсалтай нь энэ ажиллагаанд манай зарим сайд оролцож, гарын үсэг зурж, уриалж, гишүүдийг дарамталсан.

Тиймээс Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд Шадар сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдэж байна” хэмээсэн юм. 

Ийнхүү Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааныг орхин гарсан бөгөөд өөрийн цахим хуудастаа өөрийн хүсэлтээр огцорч байгаа мэт мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд Засгийн газрыг буруушааж, “миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно” хэмээн тайлбарласан байна. 

Түүнчлэн цахим сувгуудаар С.Амарсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэх агуулгатай мэдээллүүд хөврөөд буй. 

Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны эхэнд "С.Амарсайхан нь хариуцлагын гэрээ зөрчсөн тул цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзээд үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрээ өчигдөр орой өөрт нь танилцуулсан" гэдгийг онцолсон юм. 

Ташрамд, Шадар сайд асан С.Амарсайхан нь Засгийн газрыг огцруулах бичиг дээр гарын үсэг зурсан. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe