“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” 840,000 хүнд өгөөжөө өгчээ

Ц.Чимэдцэеэ
2025-10-29

2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Оюу толгой” компани нээлттэй өдөрлөгөө Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулж, худалдан авалт, хүний нөөцийн бодлого болон уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжийг орон нутгийн иргэдэд олгож байна.

Өдөрлөгийн үеэр “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд, хамтын ажиллагааны үр дүн, ололт амжилтуудаа онцлон танилцууллаа. 2015 онд “Оюу толгой” компани, Өмнөговь аймаг, Ханбогд сум хамтран Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор тус санг үүсгэн байгуулсан юм. 

“Оюу толгой” компани жил бүр 5 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг тус санд олгож ирсэн бөгөөд 2015–2025 оны хооронд нийт 167.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. 

Энэ хугацаанд тус сангийн санхүүжилтээр Өмнөговь аймагт 550 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжиж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулаад байна. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тодорхойлсон Сэдэвчилсэн хавсралтын дагуу урт хугацааны, тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Нийгмийн дэд бүтэц 
  • Байгаль орчин 
  • Нийгмийн суурь үйлчилгээ 
  • Уламжлалт мал аж ахуй 
  • Усны менежмент 
  • Үндэсний түүх, соёл 

Эдгээрээс хэрэгжүүлсэн томоохон төслүүдийг дурдвал:

Нийгмийн дэд бүтцийн 79 төсөл 

Олгосон санхүүжилт: 99 тэрбум төгрөг (35 сая ам.доллар)

  • 2 сургууль, 6 цэцэрлэгийн барилга
  • 4 давхар музейн барилга
  • Хог хаягдлын байгууламж
  • Малын эрүүл мэндийн төв
  • Уурын зуух
  • Газар зохион байгуулалт, шугам хоолойн угсралт
  • Барилга угсралт, ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл 

Тогтвортой хөгжлийн 471 төсөл 

Олгосон санхүүжилт: 45.6 тэрбум төгрөг (15.7 сая ам.доллар)

  • Багш, сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулах сургалт
  • Сургууль, цэцэрлэгийн анги танхимын тохижилт
  • Эрүүл мэндийн төвийн засвар, тохижилт
  • Мал угаалга, ариутгал
  • Номын сангийн ном коджуулах төсөл
  • Түүх, соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх хөтөлбөрүүд
  • Мод тарих, ногоон байгууламж нэмэгдүүлэх төслүүд
  • Худаг гаргах, засварлах төслүүд

Мөн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, залуусын хөгжил, бизнесийн орчныг дэмжих зорилгоор дараах урт хугацааны, тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

1. “Боловсрол Өмнөговь” хөтөлбөр (2024–2028)

Зорилго: Өмнөговь аймгийн бүх шатны боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, сургалтын орчныг сайжруулах.

2024 оны үр дүн:

Боловсролын байгууллагуудын чадавх, сургалтын орчныг сайжруулах 32 үйл ажиллагаа, 68 арга хэмжээ зохион байгуулж 23,507 хүнд хүрч ажилласан.

2. “Эрүүл Өмнөговь” хөтөлбөр (2024–2028)

Зорилго: Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын ажилчдыг чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгслээр хангах, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах эмчилгээ, сувилгаа, шинжилгээ, зөв зан үйл төлөвшүүлэх

2024 оны үр дүн:

  • 22 эрүүл мэндийн байгууллагын 150 гаруй эмч, мэргэжилтнийг чадавхжуулах 3 удаагийн сургалтад хамрууллаа. 
  • 7792 хүн урьдчилан сэргийлэх үзлэг, 500 хүүхэд дархлаажуулалтад хамрагдлаа.
  • 5,000 гаруй иргэнд эрүүл мэндийн мэдлэг сайжруулах зорилгоор сургалт, нөлөөллийн ажиллагаа зохион байгууллаа.
  • 44 нэр төрлийн 57 эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэн, эрүүл мэндийн байгууллагуудын нөөц, чадавхыг нэмэгдүүллээ. 
  • Нийт 8,971 хүн хөтөлбөрийн үр шимийг хүртсэн байна.

3. “Говийн Оюу” тэтгэлэгт хөтөлбөр

2016 оноос эхлэн хэрэгжиж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь орон нутагт нэн шаардлагатай чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын их дээд сургуульд суралцаж буй Өмнөговь аймгийн оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, мэдээллийн технологи, барилга, уул уурхайн инженерчлэл, хөдөө аж ахуй, нийгмийн салбар зэрэг мэргэжлээр суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгодог.

2016-2025 оны хооронд нийт 763 оюутан тус хөтөлбөрт хамрагдаж, 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан бөгөөд тэтгэлэгт хамрагдан төгссөн оюутнуудын 85 хувь нь орон нутагтаа ажиллаж байна. 

4. “Говийн Оюу – Бизнес боломж” бичил зээлийн хөтөлбөр

2016 оноос Өмнөговь аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн бизнесийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. 2016–2025 оны хооронд 131 бизнес эрхлэгчдэд нийт 5.7 тэрбум төгрөгийн зээл олгож, 260 байнгын болон түр ажлын байр бий болгоод байна. 

Зээлийн нөхцөл:

Зээлийн дээд хэмжээ: 80–100 сая ₮

Хүү: Жилийн 7.2%, сарын 0.6%

Сүүлийн 10 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 840,000 гаруй хүн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн төсөл, хөтөлбөрүүдийн үр шимийг хүртжээ. Үүнд бичил зээл авч бизнесээ өргөжүүлсэн иргэд, тэтгэлэг хүртсэн оюутнууд, шинэ сургууль, цэцэрлэгийн сурагчид, шинээр ажлын байртай болсон иргэд болон малчин өрхүүд багтаж байна. 

Тус сан нь 2025–2028 онд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн хөгжилд чиглэсэн шинэ 15 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд итгэлцэл, орон нутгийн иргэдний хэрэгцээнд тулгуурлан хувь нэмрээ оруулсан тус сан цаашид ч орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөө тууштай ажиллахаар зорьж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe