Энэ сард Япон улсад түүхэн үйл явдал болсон билээ. Учир нь өөрийгөө “төмөр хатагтай” хэмээн нэрлэсэн Санаэ Такаичи гишүүдийн олонхын саналыг авч Ерөнхий сайдаар томилогдсон. Ингэснээр тэрбээр тус улсын анхны эмэгтэй тэргүүлэгчээр тодорч, түүхэнд бичигдсэн юм.
Долоохон хоногийн өмнө үүрэгт ажлаа хүлээн авсан тэрбээр өчигдөр буюу мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалын үеэр Токио хотноо уулзалт хийж, хоёр улсын харилцааг бататгасан хамтын ажиллагааны томоохон баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Энэхүү уулзалтын үеэр Трамп шинэхэн тэргүүлэгчийг сайшаан магтаж, түүнийг гайхалтай Ерөнхий сайд болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Уулзалтын хүрээнд ямар шийдвэрүүд гарав?
Хоёр улс чухал ашигт малтмал, газрын ховор элементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр боллоо. Учир нь гэвэл тэд энэ салбар дахь Хятадын ноёрхлыг намжаахаар шийдсэн бололтой.
Япон улс АНУ-ын үйлдвэрлэл, батлан хамгаалах салбарт 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хариуд нь АНУ Японы импортын татварын тарифыг бууруулах тохиролцоонд хүрлээ. Энэ нь Японы бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ноогдуулаад байсныг 15 хувь болгож бууруулахаар болсон юм.
Санаэ Такаичи Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлнэ хэмээн амлалаа.
Харин саяхан шинжээчид Трамп Нобелийн хорооны эрхэмлэдэг олон улсын дэг журмыг зөрчиж байгаа тул түүнд энэхүү хүндтэй шагналыг өгөхгүй хэмээн мэдэгдэж байсан удаатай. Үүнээс гадна Трамп АНУ-д Тоёота компанийн шинэ үйлдвэр байгуулагдахад 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн. Мөн Япон улс АНУ-д 250 ширхэг интоорын мод бэлэглэхээр болжээ.
Энэ мэтчилэн тэд чухал гэрээнүүдэд гарын үсэг зурж, Ерөнхий сайд Такаичи хоёр орны холбоог “дэлхийн хамгийн хүчтэй холбоо” хэмээн нэрлээд байна. Японы хууль тогтоогчид Трамптай хийх уулзалт түүний хувьд маш том сорилт байх болно гэж үзсэн бөгөөд тэрбээр энэхүү уулзалтыг амжилттай өндөрлүүлж жинхэнэ “төмөр хатагтай” болсноо баталж чадлаа.
“Төмөр хатагтай” Санаэ Такаичи гэж хэн бэ?
Түүний амьдралын түүхээс хуваалцахад тэрбээр 1961 онд Японы Кансай бүс дэх Нара мужид төрсөн бөгөөд түүний аав авто машины компанийн ажилтан байсан бол ээж нь цагдаагийн алба хаагч байжээ.
Санаэ Такаичигийн улс төрийн амьдрал эхлэхээс өмнө тэрээр хүнд металлын бөмбөрчин байснаас гадна телевизийн нэвтрүүлэгч ч хийж явсан удаатай.
Харин түүний улс төр дэх карьерын эхлэл 1980 онд АНУ, Япон улсын хоорон дахь худалдааны маргаан ид өрнөж байх үед эхэлсэн түүхтэй.
Санаэ Такаичи бол барууны үзлийг илүү баримталдаг улс төрчдийн нэг юм. Тэрээр 1992 онд УИХ-ын анхны сонгуульд бие даан нэр дэвшсэн ч ялагдсан байдаг. Харин тууштай байсны эцэст 1996 онд АН-д элссэн.
Түүнээс хойш 10 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, ганцхан удаа л ялагдаж, намынхаа консерватив үзэлтэй хүмүүсийн нэг гэдгээрээ нэлээд нэр хүндтэй эмэгтэй юм.
Мөн Эдийн засгийн аюулгүй байдлын яамны сайдаас гадна Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд, Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан түүхтэй. Тэрээр саяхан сонгуулийн сурталчилгааныхаа үеэр ахлах сургуулийн хүүхдүүдэд хандан “Миний зорилго бол төмөр хатагтай болох” хэмээн хэлж байсан.
Сэтгэгдэл үлдээх