Halloween: Чихэр гуйх хүүхдүүд, хаалга тайлах томчуудад өгөх найрсаг зөвлөгөө

.Graph
2025-10-31

Өнөөдөр /10 сарын 31/ Halloween-ий баяр тохиож байна. Уг баяр нь барууны христийн шашин болон эртний кельтүүдийн Самхайн (Samhain) баяраас үүсэлтэй гэж үздэг. Самхайн баярыг одоогийн Ирланд, Шотланд, Уэльсийн нутгийг эзэмшиж байсан Кельтүүд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд ургац хураалт дуусаж, өвөл эхэлж байгаа үеийг бэлгэддэг байжээ.

Кельтүүдийн үзлээр 10-р сарын 31-ний шөнө амьд ба үхэгсдийн ертөнцийн хил нээгдэж, сүнснүүд хүн төрөлхтөнтэй холилдог гэж үздэг байсан аж. Ийнхүү гал асааж, баг зүүн, муу сүнснээс өөрсдийгөө хамгаалдаг байжээ. 

Цаг хугацааны явцад уг баяр хүүхдүүдийн дунд тархаж, шашны бус соёлын хэлбэрээр буюу хөгжилтэй байдлаар тэмдэглэдэг болжээ. Энэ өдөр баг зүүн, сонирхолтой дүрд хувирч, айл бүрийн хаалгыг тогшин амттан цуглуулдаг. 

Манай улсад ч хүүхдүүд Halloween-ий баяраар хөрш айлуудынхаа хаалгыг тогшиж, чихэр цуглуулдаг болоод удаж буй. Гэвч соёлын ялгаатай байдлаас үүдэн зарим иргэд дургүйцэн, чихэр гуйн хаалга тогшсон хүүхдүүдийг загнах, хөөх бүр зодох тохиолдол ч гарч байсан. 

Тиймээс чихэр цуглуулж буй хүүхдүүд болон эцэг эхчүүдэд хандаж зөвлөхөд: 

  • Айлын хаалга тогшихдоо болж өгвөл таньдаг айлынхаа хаалгыг тогшоорой. Хаалга бүрийн ард өөр өөр амьдралтай, өөр өөр зан араншинтай, нөхцөл байдалтай хүмүүс байгаа гэдгийг санаж, сэрэмжлэхэд илүүтэхгүй. 
  • Нялх хүүхэдтэй, хөгшин настай хүнтэй айл байж болзошгүйг санаж, шөнө оройн цагаар айлын хаалга тогшихгүй байх мөн хаалга тогшихдоо аль болох зөөлхөн тогшихыг бодоорой. 
  • Хаалга тайлж өгсөн хүмүүстэй эелдгээр мэндэлж, учир шалтгаанаа урьдчилан тайлбарлаарай. 

Харин хаалга тайлж өгч буй томчуудад хандаж зөвлөхөд: 

  • Хүүхдүүд гаднын соёлыг шохоорхон, жилд нэг л удаа сонирхолтой байдлаар хөгжилдөн баярлаж буйг санаж, уурлахын оронд тэдэнтэй эелдэг харьцаарай. 
  • Уг баярт дургүй, чихэр өгөхийг хүсэхгүй эсвэл нярай хүүхэдтэй, хөгшин настай хүнтэй амьдардаг бол хүүхдүүд хаалга тогшихоос урьтаж, хаалган дээрээ “Амттан өгөх боломжгүй, хаалга битгий тогшоорой” хэмээн эелдэг захиа үлдээгээрэй. Тэгвэл хүүхдүүд хүсээгүй үед чинь хаалга тогшихгүй, хэн хэндээ амар шүү дээ. 
  • Хүүхдүүдэд чихэр өгөхдөө аль болох сахрын агууламж багатай эсвэл үндэсний үйлдвэрлэлийн амттан өгөхийг бодоорой. 

Эцэст нь, Halloween бол Монголчуудын уламжлалт баяр биш ч шинэ үеийн залуусын соёлын нэг хэсэг болон төлөвшиж байна. Гаднын баярыг хэт дагах бус, өөрийн соёлын хүрээнд ойлгож, уужим сэтгэлээр хандах нь биднийг илүү соёлтой, ойлголцолтой нийгэм рүү хөтөлнө. Хүүхдүүдийн инээмсэглэл ямар ч баярын хамгийн сайхан утга учир шүү дээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe