2025 оны аравдугаар сарын сүүлчээр Бразилын Рио-де-Жанейро хотын Алемао болон Пенха нэртэй ядуусын хороололд (фавела) болсон томоохон цагдаагийн ажиллагааны үеэр 130 гаруй хүн амь үрэгдсэн ноцтой хэрэг гарлаа.
Албан эх сурвалжийн мэдээлснээр, уг ажиллагаа нь Comando Vermelho гэх томоохон хар тамхины бүлэглэлийн эсрэг явагдсан бөгөөд 2,500 орчим цагдаа, тусгай хүчний алба хаагчид, нисдэг тэрэг, хуягт машин ашиглажээ. Цагдаа нарын хэлснээр зэвсэг хураах, гэмт этгээдүүдийг илрүүлэх зорилготой байсан ч олон нийтэд цус асгаруулсан дайралт шиг туссан байна.


Гэрчүүдийн мэдүүлснээр, цагдаа нар зарим иргэний гэр рүү халдан орж, гэм зэмгүй хүмүүс рүү буудсан, шархадсан иргэдэд тусламж үзүүлээгүй гэжээ. 120–130 гаруй хүн нас барсны дийлэнх нь энгийн иргэд байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн.
Энэ хэрэг олон улсын анхаарлын төвд орж, Amnesty International болон Human Rights Watch зэрэг хүний эрхийн байгууллагууд “хууль бус хүч хэрэглэсэн, энгийн иргэдийн амь насыг үл тоосон ноцтой зөрчил” хэмээн шүүмжилсэн. Тэд Бразилын Засгийн газраас бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шаардаж байна.

Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва “гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор хүний эрхийг зөрчих ёсгүй” гэж мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхийг үүрэг болгожээ.
Бразилын нийтийн дунд ийм төрлийн “фавелад чиглэсэн” хүчирхийлэл өмнө нь ч гарч байсан бөгөөд энэ удаагийнх нь сүүлийн арван жилд хамгийн том цуст ажиллагаа хэмээн нэрлэгдэж байна.
Сэтгэгдэл үлдээх