Үндсэн хууль зөрччихөөд хууль тогтоох зүй тогтол парламентын засаглалыг гажуудуулна

.Graph
2025-10-31

Үндсэн хуулийн цэц УИХ-ын дэд Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн тухай шийдвэрээ өнгөрөгч долоо хоногт танилцуулсан. Ийнхүү улс төрийн өндөр албан тушаалтны хувьд хариуцлагын асуудал хэрхэх талаар тодорхойгүй байсаар өдий хүрчээ.

Тэгвэл түүнийг УИХ-ын дэд даргаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн хэвээр үлдээхийг МАН санаархаж байна.

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн ээлжит хуралдааны эхэнд уг асуудлыг хэлэлцлээ. Харин холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхгүйгээр шууд МАН-ын бүлгийн шийдвэр буюу Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, оронд нь Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх эсэхэд маргаан үүслээ.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Үндсэн хууль зөрчсөн асуудлыг байнгын хороогоор шийдэх ёстой. Эхлээд дэд даргаас чөлөөлөх ёстой. Чөлөөлөгдөөгүй байхад Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг ярих боломжгүй.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, нэр дэвшүүлэх тухай хэлэлцэх асуудлын тов дараалалд оруулсан байгаа. Манай бүлгийн хамтын шийдвэр гарсан. Хоёр өөр асуудлыг хольж хутгахгүй, чуулганаа удирдаад явах хэрэгтэй. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг Х.Булгантуяаг дэд даргаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн хэвээр үлдээхийг санал болгож байна. Таны хувилбараар явбал энэ хүний асуудлыг илүү хүндрүүлэх талаар яриад байна шүү.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Огцруулах, томилох процессыг яриагүй.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Цэцийн шийдвэрийг 7 хоногт хэлэлцэх ёстой юм. Намын бүлгийн асуудлыг түрүүлж хэлэлцэх боломжгүй.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Та нар ямар дураараа юм бэ. Үндсэн хууль зөрччихөөд гишүүнээрээ бол үлдчихье, ТББХ-оор энэ асуудлыг оруулахгүй гэж дураараа дургиж болохгүй. Та нар намаржин УИХ-ыг самарлаа. УИХ-аа горимдоо оруул, ЗГ-ыг ажлыг нь хийлгэ. Багш, эмч нарынхаа асуудлыг шийдье. А.Ариунзаяа гишүүн хуулиа унш, Үндсэн хууль дэвсэлнэ, өөрсдийгөө, өөрийгөө, сөрөг намаа, ард түмнээ ч хайрлахгүй яг яачихсан улс юм. Юм хэлэхээр яр яр гээд ярдаг нохой шиг аашлах юм.

Ийнхүү сөрөг хүчний зүгээс эрх баригчдад хандан манай намын бүлэг шийдэх ёстой гэж үзвэл УИХ-ыг татан буулга хэмээн хатуу шүүмжиллээ.

МАН 2024 оны сонгуульд үнэмлэхүй ялж, парламентад олонхоо бүрдүүлэн, төрийн эрхийг авсан. Иргэд тэдэнд итгэн өөрийгөө төлөөлүүлэн хууль боловсруулах үүрэг ногдулсан. 

Гэтэл Үндсэн хууль зөрчин шөнөжин хуралдаж, үүнийг нь сануулсан гишүүдийг эсрэгээрээ Үндсэн хууль зөрчлөө хэмээн илт худал мэдээлэл түгээн гүтгэсэн, маргааш нь сценари(зохиол)-ын дагуу ажилласандаа уучлалт гуйж гэм буруугаа хүлээсэн, хэн нэгэн үл үзэгдэгч хүчний дор хууль зөрчсөн намын гишүүнээ хамгаалаад үлдэхийг санаархаж байна.

Энэ жишиг нэгэнт тогтвол Үндсэн хуулиа уландаа гишгэчихээд улс орноо удирдах гажуудал хэвийн мэтээр түүхэнд үлдэх нь.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe