 
			
		
         
                            
                            Дэлхийн эдийн засагт өндөр байр суурь эзэлдэг хамгийн хүчтэй гүрэн болох БНХАУ 1953 оноос эхлэн улс орны эдийн засаг, ирээдүйн зорилтоо таван жил тутам шинэчлэн төлөвлөж ирсэн. 2025 он өндөрлөхтэй зэрэгцээд тэдний 14 дэх таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилт дуусаж байна. Хэдхэн хоногийн өмнө тус улсын эрх баригч Коммунист намын Төв Хороо 15 дахь таван жилийн төлөвлөгөөний(2026-2030) талаар хэлэлцэж танилцуулсан.
Дараагийн таван жилийн төлөвлөгөө ирэх оны гуравдугаар сард албан ёсоор батлагдах юм.
БНХАУ ирэх таван жилд шинжлэх ухаан, инновацын хөгжил болон аж үйлдвэрийн өндөр бүтээн байгуулалтыг гол зорилгоо болгон ажиллахаар төлөвлөсөн. Энэ дундаа 15 дугаар таван жилийн төлөвлөгөө хэрэгжих хугацаанд буюу 2026-2030 оны хооронд нүүрс болон газрын тосны хэрэглээгээ оргилд нь хүргэх зорилт тусгажээ.
Энэхүү зорилт нь Ерөнхийлөгч Ши Жиньпиний хэлсэн үгнээс багагүй зөрж байгаа юм.
Тэрбээр, 15 дахь таван жилийн төлөвлөгөөний хугацаанд нүүрсний хэрэглээгээ бууруулж, эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэр рүү шилжиж, 2060 он гэхэд хүлэмжийн хийг үйлдвэрлэдэг бус шингээдэг улс орон болохоо хэлж байсан удаатай. Харин энэ нь өөрчлөгдөж, тус улс ирэх таван жилд нүүрсний хэрэглээгээ оргилд нь хүргэж, 2030 оноос хойш багасгахаар төлөвлөж байна.
Манай улсын нийт экспортын 92 хувь нь БНХАУ руу чиглэдэг бөгөөд түүний 90 хувийг нүүрс дангаараа эзэлдэг.
2025 оны есдүгээр сард БНХАУ руу 9.29 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2015 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт юм.
Үүнээс харахад энэ таван жилийн хугацаанд манай улсын нүүрсний экспорт энэ чигээрээ нэмэгдэх хандлагатай байна. Харин Ерөнхийлөгч Ши Жиньпиний хэлснээр 2030 оноос хойш Хятад улс нүүрсний хэрэглээгээ танавал бид цаашдаа юун дээр төвлөрөхөө эртнээс бодох хэрэгтэй боллоо.
 
Сэтгэгдэл үлдээх