Багш нарын цалинг нэмэх шийдвэр албажсаны дараа ажил хаяхаа зогсооно гэв

.Graph
2025-11-03

Багш нарын ажил хаяхыг дуусгавар болгохын тулд Засгийн газраас 30 хувийн үндсэн цалингийн нэмэгдлийг санал болгоод байгаа. Харин багш нарын зүгээс цалингийн хэмжээг 3,5 сая төгрөгт хүргэнэ гэх хатуу байр суурийг илэрхийлээд байсан юм.

Талууд ширээний ард сууж, хэд хэдэн удаагийн яриа хэлэлцээрийн үр дүнд 76 хувиар нэмэхээр хэлцэлцэн тохирсон талаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир мэдээлсэн.

Хэдийгээр хэлцэлд хүрч гарын үсэг зурсан ч холбогдох яаманд албан ёсоор бүртгүүлж байж ажил хаялтыг дуусгавар болгоно гэж Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос үзэж байгаа аж.

10-р сарын 16-наас эхлэн 14 дэх өдрөө ажил хаяж байна. Энэ хугацаанд 7 хоног нь бие даалтын 7 хоног байсан бөгөөд дахин 7 өдрийн хичээл, сургалтын үйл ажиллагаа тасалдаад байгаа юм.

Энэ хугацаанд хүүхдүүд хүүхдээ харах, том хүнгүй гэртээ үлдэх, гал түймэр, угаар, түлэгдэлт гээд болзошгүй эрсдэл дунд аж төрж байна. Эцэг эхчүүд ч айдастай. Хүүхдээ харах хүнгүй, ажлаасаа чөлөө авах зэргээр өнгөрсөн өдрүүдийг давах гэж хичээцгээж байна. Иймээс хичээлийн хоцрогдол, хүүхдийн сурч боловсрох эрхийн төлөө талууд ойлголцон, хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн болгох нэн шаардлагатай байгаа юм.

Багш нарын араас эмч нар ажил хаяхаа мэдэгдээд байна. 8-р сард эхлүүлсэн шаардлага үр дүнд хүрээгүй. Эмч нар талбай дээр 6 өдрийн суулт хийсэн. Цааш ажил хаяж, ард түмний амь нас эрүүл мэндэд хохирол учирвал Засгийн газар хариуцаарай хэмээн мэдэгдээд байгаа юм.

Эрүүл мэндийн салбарынхнаас ЭХЭМҮТ, Улсын Нэгдүгээр эмнэлэг ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна. Ийнхүү Засгийн газар багш нарын ажил хаялтын араас эмч, эмнэлгийн байгууллагынхны цалин хангамжийн асуудалтай нүүр тулахаар байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe