Чингэлтэй дүүргийн 300 айл уламжлалт гал зуухаа дулааны насосоор сольж, яндангаа буулгаж байна

Д.Халиунаа
2025-11-03

Хүйтний улирал эхэлж, гэр хорооллын айлууд галлагааны цагтаа ороод байна. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг жамтай. Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Эко Сквер Энержи ХХК хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдэд гадна агаарыг дулаан болгон хувиргадаг эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмж суурилуулах төслийг хэрэгжүүлж эхэллээ.

“Air to air heat pump” буюу агаар-агаарын дулааны насос нь дан ганц дулааныг дамжуулахаас гадна доторх агаарыг цэвэршүүлж, зуны улиралд хөргөх хүчин чадалтай хүний биед хор хөнөөлгүй, байгальд ээлтэй төхөөрөмж юм.

Энэхүү төхөөрөмж цахилгаан халаалтаас гурав дахин бага эрчим хүч зарцуулахаас гадна агаар огт шатааж, хуурайшуулдаггүй гэдгээрээ онцлог юм. Зардлын хувьд сард хамгийн ихдээ 480квт/ц цахилгаан буюу 50-70 мянган төгрөг зарцуулна. Тус төхөөрөмжийг суурилуулснаар гэр хорооллын айл өрхүүдийн сайжруулсан түлш, нүүрс, мод зэрэг түлшний зардлыг халж, утааг үүсгэгч голлох хүчин зүйлсийн агаарт үзүүлэх нөлөөллийг багасгах буюу нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг бууруулах өндөр ач холбогдолтой.

Дулааны насосыг эхний байдлаар нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх агаарын бохирдлын түвшин өндөртэй бүсийн 300 айлд суурилуулж, дараагийн ээлжид тус дүүргийн 4500 айлд суурилуулахаар төлөвлөж байна.

Хүйтний улиралд галлагааны зуух ашигладаг айл өрхүүд нүүрсний хэрэглээ, галлагаа хийх, дулаан алдагдах зэрэг олон асуудалтай тулгардаг. Харин дулааныг шинээр үйлдвэрлэх бус, нэг газраас нөгөөд шилжүүлдэг дулааны насосыг тавьсан айл өрхүүдтэй танилцахад тус төхөөрөмжийг суурилуулснаас хойш хөө, тортоггүй цэвэрхэн, тухтай сайхан байна хэмээн ярилаа. Мөн бага насны хүүхэдтэй айлууд халуун зуух, галаас айх аюулгүй болсон байна. 

Үнийн хувьд 3.150.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд Хаан банк, Хас банк, Хөгжлийн банк, Голомт банкны Ногоон зээлээр худалдан авах боломжтой.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe