Дэлхийн эртний долоон гайхамшгийн нэг Гиза дахь Хуфугийн агуу пирамидын ойролцоо байрдадаг Египетийн Үндэсний Их музейн нээлт бямба гарагт боллоо. Дэлхийн хамгийн том археологийн музейд тооцогддог тус музейд Грек, Ромын эрин үе хүртэлх долоон мянган жилийн түүхийг агуулсан 100 мянга гаруй эд өлгийн олдвор байдаг.
Анх 1992 онд тус музейг байгуулах саналыг хүргүүлж, 2005 онд барилгын ажил эхэлжээ.
910 сая фунт стерлинг буюу 1.2 тэрбум ам.доллароор бүтсэн тус музей жилдээ найман сая жуулчин татах төлөвтэй байна. Энэ нь хямралд өртсөн Египетийн аялал жуулчлалын салбарт томоохон өөрчлөлт оруулах нь гарцаагүй.
Музейг албан ёсоор энэ сарын дөрөвний өдрөөс эхлэн олон нийтэд нээлттэй болгох аж.
Их музей 500 мянган метр квадрат бөгөөд ойролцоогоор 70 хөл бөмбөгийн талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний асар том байгууламж юм. Музейн зарим хэсгийг өнгөрсөн жилээс эхлэн олон нийтэд нээлттэй болгож байсан бол энэ удаад бүхэлд нь нээлээ.
Олон мянган жилийн өмнө эртний Египетийг захирч байсан залуу фараон(удирдагч) Тутанхамоны булшинд нуугдсан эрдэнэсийн цуглуулгыг музейн голлох хэсэгт байршуулжээ. Харин түүний бүтэн булш нууц хэвээр байгаа бөгөөд түүнийг зөвхөн шинжээчид үзэх боломжтой юм. Харин төв хэсэгт Египетийн хүчирхэг фараон II Рамссесын 3200 жилийн настай 11 метрийн өндөр хөшөө заларч байна.
Сэтгэгдэл үлдээх