Эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувь бууруулж, цалин нэмнэ

.Graph
2025-11-03

МАН-ын бүлэг эмч, багш нарын цалинг нэмэх чиглэлээр гаргасан шийдвэрээ танилцууллаа. Шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг нар танилцуулсан юм. 

Тодруулбал, Боловсролын салбарын багш нарын үндсэн цалинг 2025 оны 11 сарын 1-нээс эхлүүлэн 2.8 саяд хүргэх тооцоолол гаргалаа. 

Мөн эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалинг 2026 оны 1 сарын 1-нээс 15 хувиар нэмэх тооцоо судалгаа хийж, эх үүсвэрийг 2026 оны төсөвт суулгахаар болов. 

Харин ахмад настнуудын тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэврийн асуудал төсөвт 6 хувийн өсөлттэй орж ирсэн. Үүнийг инфляцын нөхцөл байдалтай уялдуулан 2.6 хувиар нэмэгдүүлэх буюу 8.6 хувийн өсөлт авхуулахаар эх үүсвэрийн тооцоо судалгааг хийж, 2026 оны төсөвт тусгасан гэв

Ийнхүү энэ маягаар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 1.1 их наяд төгрөгийн хэрэгцээ шаардлага тулгарч байгаа учир төсвийн зардлаа энэ хэмжээгээр бууруулах шаардлагатай тулгарчээ.  

Тиймээс дараах байдлаар төсвийн зардлаа танахаар болсноо танилцууллаа. 

1. Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлаас 10-13 хувиар танана. 

Ингэхдээ Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, ЭМД-ын сан, Боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, Улсын төсвөөс санхүүжих эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, гамшиг ослоос хамгаалах эрэн хайх, аврах ажиллагааны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний хүүгийн зардал, гадаад зээл тусламжаар санхүүжих урсгал зардал, хүүхдийн мөнгийг оролдохгүйгээр бусад салбарын урсгал зардлаас таналт хийх аж. 

2. Тухайлсан зардал буюу УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээж авах зардал, ЗГХЭГ-ын зардал, ССАЖ-ын сайдын аялал жуулчлалын салбарын татаасыг бууруулах зэргээр зардлыг танана. 

3. Улсын хэмжээнд эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувь бууруулна. 

4. Шилжих хөрөнгө оруулалтыг 15 хувиар бууруулах зэргээр нийт 1 их наяд 150 тэрбум төгрөгөөр зардлаа танахаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe