500 мянга орчим хүн амтай Афганистан улсын хамгийн том хотуудын нэг Мазар-и-Шарифд орон нутгийн цагаар 1:00 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн хүч, түвшинг тооцдог олон улсын байгууллагуудын тогтоосноор 6.3 магнитудын газар хөдлөлт нь хүчтэй буюу улбар шар өнгөөр тэмдэглэгддэг бөгөөд их хэмжээний хохирол амсах магадлалтайд тооцогддог.
Газар хөдлөлтийн улмаас 20 хүн амиа алдаж, 320 гаруй иргэн шархадсан хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Одоогоор аврах багийн ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амь үрэгсдийн тоо нэмэгдэх магадлалтай байна.
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Афганистаны зүүн хэсэгт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 1000 гаруй хүн амь үрэгдсэн харамсалтай явдал тохиосон. Мөн Британийн Газарзүйн судалгааны төвийн мэдээлснээр 1900 оноос хойш Афганистан улсын зүүн хойд нутагт 7.0 магнитудаас хүчтэй 12 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.
Сэтгэгдэл үлдээх