“COP 17” хурлын хүрээнд 18 түр байгууламжийг 200 орчим тэрбум төгрөгөөр барина

.Graph
2025-11-04

Цөлжилтэй тэмцэх НҮБ-ын суурь конвенцын 17 дугаар хурал буюу “COP 17” хурлыг 2026 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд 18 түр байгууламжийг барихад 150-200 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгасан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар COP17 Үндэсний хорооны Ажлын албаны дарга Д.Батмөнхөөс тодрууллаа. 

Тэрбээр “COP 17 хурлыг Засгийн газар, БОУАӨЯ дангаараа зохион байгуулж байгаа юм биш. НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтарч байгаа.

Монгол Улс дэлхийн анхаарлын төвд ороод байна. 197 улсын Засгийн газраас 100-140 орчим улсын засгийн газрын төлөөллүүд ирнэ. Мөн НҮБ-ын бүх харьяа байгууллагуудын төлөөлөл ирнэ. 

Барилга байгууламжийн хувьд НҮБ-тай хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрт тусгагдсан НҮБ-ын стандартын дагуу угсардаг, буулгадаг, сэндвичэн барилга байгуулна. Иргэд зүгээр майхан шиг төсөөлөөд байгаа. 

Энэ удаагийн хурал 17 дахь нь. Тэгэхээр өмнөх 16 хурлын турш барилга байгууламж дээр нь ажилласан туршлагатай компаниуд байгаа. Тэдгээр компаниудтай энэ тал дээр хамтарна. Монголд энэ чиглэлээр мэргэшсэн байгууллагууд ховор. 

Түүнчлэн эдгээр байгууламжууд нь түр байгууламж. Энэ бол урсгал зардал биш. Төсөв дээр хөрөнгө оруулалт хэлбэрээр суучихсан тул ирээдүйд "хөрөнгө" болж үлдэнэ. Мэдээж улсын төсвөөр хийх учир төрийн өмчид бүртгэгдэнэ. Хурлын дараа байгуулсан 18 байгууламжаа хаашаа хуваарилах нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Урьдчилсан байдлаар, онцгой байдлын газар гэхчлэн нэн шаардлагатай газруудад хуваарилах байх. 

Дээрх 18 байгууламжийг барихад энэ жил 50 тэрбум, дараа жилийн төсөв дээр 150 тэрбум төгрөг тусгуулахаар төлөвлөсөн” гэв. 

Мөн уг 18 байгууламжийг зочид буудлын хэлбэрээр ашиглахгүй буюу 12 өдрийн турш хурал хийх танхим, хэлэлцээрийн өрөө, улс орон болгоны онцлогийг шингээсэн павильон, үзэсгэлэнгийн талбай байдлаар ашиглах аж. 

Харин хурлын хүрээнд 7-10 мянган гадаадын зочид төлөөлөгчид ирнэ гэж тооцож байгаа тул ойрын хугацаад зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe