Ургац хураалтын урьдчилсан дүн
2025 онд улсын хэмжээгээр 274.1 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн улаанбуудай, 101.9 мянган тонн төмс, 208.6 мянган тонн хүнсний ногоо, 133.3 мянган тонн тэжээлийн ургамал, 27.2 мянган тонн тосны ургамал, нийт 745.1 мянган тонн ургац хураан авч өмнөх онтой харьцуулахад 503.3 мянган тонноор буюу 40.3 хувиар ургац буурсан байна.
Улаанбуудай 34.7 хувиар, төмс 22.9 хувиар, хүнсний ногоо 22.0 хувиар, малын тэжээлийн таримал 46.0 хувиар, тосны ургамал 49.0 хувиар тус тус буурчээ.
Ургац хураалтын урьдчилсан дүнгээс харахад, Монгол Улсын нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 62.5 хувийг, төмсний 76.9 хувийг, хүнсний ногооны 72.6 хувийг дотоодын ургацаас хангах тооцоо хийжээ.
Энэ жил тариалангийн бүс нутагт 5-7 дугаар сард хур тунадас бага, агаарын дундаж температур 37.0-39.5°С, хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 65.0-69.6°С-д хүрч, хөрсний үнэмлэхүй их температур 40°С-аас давж халсан өдрийн тоо 7-10 хоногоор үргэлжилж, халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд тохиолдсон нь ургацад сөрөг нөлөө үзүүлжээ.
Улаанбуудайн хувьд хэдийгээр гангийн нөлөөлөлд өртсөн ч 8-9 дүгээр сард цаг агаар харьцангуй тааламжтай байж, хураалтыг 7-10 хоногийн өмнө эхлүүлсэн нь ургацын чанарт эергээр нөлөөлж, тарианы болц жигд, цавуулаг өндөртэй байна.
Танилцуулгатай холбогдуулан хүнсний улаанбуудайн стратегийн болон 2026 онд тариалах үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгалаа.
Сэтгэгдэл үлдээх