Уран бүтээлч ба сонсогчийг холбох гүүр болсоор ирсэн Baga Toirog Channel ээлжит бүрэн хэмжээний "Horse Radio" Baga Toirog Live Concert #2 амьд хөгжмийн тоглолтоо 2025 оны 11-р сарын 8-нд Хаан театрт зохион байгуулах гэж байна.
Тоглолтын үндсэн хамтлагаар Өвөр Монголын алдарт Horse Radio хамтлаг оролцон нүүдэлчин соёл, уламжлалыг мэдрүүлэх шилдэг уран бүтээлээ монгол сонсогчдод сонордуулах юм.
Монгол аялгууг дэлхийн тайзанд хүргэх мөрөөдлөөрөө нөхөрлөсөн найзууд нэгдэн Horse Radio хамтлагийг 2012 онд Бээжин хотноо үүсгэн байгуулжээ. Horse Radio нь өөрсдийн бүтээлийг болон Монголын баруун аймгуудын ардын дуунуудыг голдуу alternative, psychedelic урсгалаар тоглодог өвөрмөц онцлогтой хамтлаг.
Тэд хөөмий, цуур, морин хуур, хэл хуур зэрэг хөгжмийг гитартай хослуулах зэргээр олон холимог хөгжмөөр тоглодог нь амьд хөгжмийн ертөнцөд цор ганц хэв маягийг бүрдүүлжээ. Тэдний хөгжимд мөнх цаст уулс нь үүлстэйгээ, хязгааргүй цөл нь давхих салхитайгаа, аавын захиас ба ээжийн энэрэл багтдаг амьд сүнслэг чанартай гэгддэг.
“Цахилгаан тал нутаг” нэрээр олон улсын сонсогчдын дунд алдаршаад буй тус хамтлаг нь Дуучин, соло гитарчин, ахлагч Ц.Баяндалай, Дуучин, товшуурчин Е.Мэндээ, Аргил гитарчин Р.Эрдэмбаяр, Соло гитарчин Г.Эрдэмбаяр, Бөмбөрчин Жан И нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй.
"Horse Radio" Baga Toirog Live Concert #2 тоглолтын зочин уран бүтээлчээр Delkhii, The GALTMAH, Ata Borgujin нар оролцоно.
Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгч : Sapporo Mongolia
Дэмжигч : Ramada UB City Center Hotel
Тасалбарыг зөвхөн Portal.mn сайтаар авах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх