Онцгой байдлын байгууллагад өчигдөр цасан шуурганы улмаас төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн "Эрээн-Уулын нөмөр"-т өсвөр насны хүүхэд өчигдөр 16.00 цагт мотоциклоор хонь хариулж яваад сураггүй болсон мэдээллийг 21.50 цагт ирүүлсний дагуу эрэн хайж, 03.15 цагт эсэн мэнд олсон.
Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн “Бригадын төв”-д гэдэг газар тус сумын харьяат иргэн өнгөрсөн шөнийн 00.20 цагт саахалт айлаасаа гэртээ харихаар мотоциклоор гараад сураггүй болсон мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайж, 03.15 цагт эсэн мэнд олсон.
Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн М өчигдөр 11:00 цагт гэрээсээ явганаар гараад, сураггүй болсон дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тус иргэний цогцсыг өнөөдөр 08.10 цагт олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчид цаг агаарын мэдээлэлд үндэслэн хол, ойрын замд гарахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл үлдээх