Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд, одоогийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ лхагва гарагт сэтгүүлчдэд “Нэг доллар л Монгол хаан жүжигт зарцуулагдсан нь тогтоогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл түүний хэлснээр өөрт нь хариуцлага хүлээлгэж болзошгүй баримтыг Хууль зүйн сайд Б.Энхбаяр дэлгэлээ.
Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны 2024 оны нэгдүгээр сарын 30-ны 24/01 дугаартай тогтоолоор “Төлөвлөгөө баталж, эрчимжүүлэх тухай” арга хэмжээг баталсан байна.

Тогтоолын 3-т “Үндэсний хорооны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх төсвийг холбогдох сайд нарын багцаас шийдвэрлэсүгэй” хэмээн Засгийн газраас зардал гаргахыг албажуулсан.
Хавсралтаар баталсан төлөвлөгөөний 3.23-т “Тамгагүй төр” жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлэх ажил тусгагджээ. Уг жүжиг нь Ерөнхий сайд асны дурдсанчлан “Монгол хаан” нэрээр олон улсад тоглогдсон билээ.

Ташрамд дурдахад, дээрх үндэсний хороог 2025 оны долоодугаар сарын 9-ний өдрийн Г.Занданшатарын Засгийн газрын 22 дугаар тогтоолоор татан буулгасан.
Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн үг биеллээ олоход дараах үндэслэлтэй.
Нэгдүгээрт, Ерөнхий сайд бол Монгол Улсын төсвийн Ерөнхийлөн захирагч. Иймд улсын төсвийг захиран зарцуулахад голлох хариуцлага хүлээх учиртай.
Хоёрдугаарт, Монгол хаан жүжиг нь Херо энтертайнмент групп ХХК-ийн бүтээл. Л.Оюун-Эрдэнэ АТГ-т өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2024 он хүртэл тус компанийн 50 хувийг эзэмшдэг байсан бол 2024 онд 0-50 буюу хэлбэлзэлтэй эсвэл тодорхойгүй эзэмшлийн хэлбэрт шилжжээ. Энэ нь ямар нэг байдлаар тус компанийн эзэмшилд холбоотой гэдгийг харуулж байна.

Гуравдугаарт, дээрх компанийн үүсгэн байгуулагч, найруулагч, продюсер Б.Баатар нь Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах. Тэдний аав, Монгени цогцолбор сургуулийн захирал, зураг хөдөлмөрийн багш Нүрзэдийн Лхагва 1978 онд Б.Баатарын ээжтэй, 1979 онд Л.Оюун-Эрдэнийн ээжтэй тус тус дэр нийлэн хөвгүүд 1.6 жилийн зайтай төрсөн хэмээн хэвлэлд мэдээлсэн байдаг. Б.Баатар Л.Оюун-Эрдэнэ нар ч ах дүү гэдгээ хэдийн хүлээн зөвшөөрсөн билээ.

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өөрийн хамаарал бүхий компани, төрсөн ахынхаа ажилд төсвөөс мөнгө зарцуулах нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хориотой үйл ажиллагаа.
Тус хуульд,
"ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно
7.2.4 дэх хэсэгт ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх нь нийтийн албан тушаалтны үүрэг
12.1-т Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, ... аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно хэмээн тус тус заасан.
Үүгээр зогсохгүй Эрүүгийн хуулийн 22.1.1-т “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан.
Ийнхүү дээрх үйлдэлд дурдсан хариуцлага хүлээхийн тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулах, улмаар холбогдох хуулийн байгууллагад саадгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай тулгарч байна.
Төсвийн зарцуулалттай холбоотой Эрүүгийн ял шийтгэгдэж байсан Ерөнхий сайдууд
Жаргалтулгын Эрдэнэбат 2015 оны ЭХ-ийн 22.1-ийн 2, 3 дахь хэсэг “Албан тушаалтан төсвийн болон төрийн өмчийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, шамшигдуулах үндэслэлээр анхан шатны шүүхээс 6 жил хорих, 4 жилийн хугацаанд албан тушаал эрхлэх эрхийг хассан.
Санжийн Баяр 2002 оны ЭХ-ийн 263.2, 264.2 “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг албан тушаалаа ашиглан завших (их хэмжээтэй)”; “Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан” үндэслэлээр Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 6 сар хорих, төрийн албанд 5 жил ажиллах эрхийг хассан.
Намбарын Энхбаяр 2002 оны ЭХ-ийн 263.2, 264.2, 164.2 төрийн өмч шамшигдуулсан; албан тушаалын эрх мэдлээ урвуулсан; гадаадын тусламж, хандивын хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан (их хэмжээтэй) үндэслэлээр Анхан шатны шүүхээс 4 жил хорих, хөрөнгийн 29 сая₮-ийн хураах ял; Давж заалдахад 2 жил 6 сар болгон өөрчилсөн.
Сэтгэгдэл үлдээх