Бирагийн АРЪЯА гэж хэн бэ

.Админ
2024-02-21

Энэ бол Бирагийн Аръяа. АНУ-ын Насжилт судлалын үндэсний хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор. Улаанбаатарын унаган хүү тэрээр 1978 онд ЕБС-аа төгсөж, 1983 онд ЗХУ-ын Ломоносовын их сургуульд генетикч мэргэжил эзэмшиж, 1991 онд ОХУ-д Биологийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Үүний дараагаар АНУ-ын Иллинойсын их сургуульд судлаачаар ажилласнаас хойш өдгөө 33 жил АНУ-д судалгааны ажлаа хийж байна. Энэ хугацаанд тэрээр 60 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлж, 12 патент эзэмшжээ. 

Доктор Б.Аръяагийн олон судалгаанаас нэгийг онцолбол, тэрээр багийнхаа гишүүний хамтаар хавдрын эс болон В эсийн харилцан үйлчлэлийг нээсэн юм. Тодруулбал, хүний биед дархлааны эсийн хүчин чадлыг бууруулж, хавдрын эсийг дэмждэг процесс явагдаж байдгийг нээсэн аж. Ингэснээр тэрээр хавдар судлалын салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. 

Түүний шинжлэх ухаан, ялангуяа биологийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, 2011 онд “Tenured” эрдэмтэн буюу хүндэт доктор хэмээх нэр хүндтэй цолыг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүдийн Эрдэмтэдийн зөвлөлийн саналаар олгосон байдаг. “Tenured” эрдэмтэн болсон нь түүний судалгаа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц гэдгийг баталж, цаашид судалгаагаа үргэлжлүүлэхэд нь нийгмийн болон санхүүгийн хэрэгцээг батлан дааж буй хэрэг юм. Ганцхан жишээ дурдахад, “Tenured” эрдэмтэд нь бүх насаараа цалинжих эрхтэй ба жилд дунджаар 80 мянган ам.доллараар цалинждаг аж.

Б.Аръяа нь Академич Ш.Бирагийн хүү бөгөөд 2015 онд нийтлэлч Д.Жаргалсайханд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсад оюун ухааныг хүндлэхээ больж, шинжлэх ухааныг дэмжихээ больжээ. Ялангуяа залууст шинжлэх ухаан гэж юу юм бэ гэдгийг ойлгуулах, түүнд дуртай болгох, биширдэг болгох хэрэгтэй байна” хэмээх хатуухан шүүмжлэлийг хэлсэн байдаг. 

Ийнхүү дэлхийн хэмжээнд гялалзаж буй нэрт эрдэмтэн Бирагийн Аръяаг Graph.mn сайт #BioGraph буландаа онцоллоо. Шинжлэх ухаан үнэлэгдэхээ больсон энэ цаг үед доктор Б.Аръяагийн татсан зам мөр олон залууст итгэл өгнө хэмээн найдаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Энэ эрдэмтэн Монголдоо ажиллах хэрэгтэй одоо

Галаа

Дэмжих үү?

0 0

Ийм чадалтай эрдэмтэдээ дэмждэггүй төр,ШУны академитай гэхээр яах болж бна?

Наранцэцэг

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe