Чингэлтэй дүүргийн 13-р хороонд байрлах 49-р сургууль нарны эрчим хүчээр цахилгаанаа бүрэн хангах анхны жишиг сургууль болно.
49-р сургууль нь сар бүр зөвхөн цахилгааны зардалд 2-3 сая төгрөг зарцуулдаг бөгөөд үүнийг дүүргийн төсвөөс санхүүжүүлдэг.
Тэгвэл зайлшгүй төлөгдөх энэ зардлыг илүү ухаалаг байдлаар шийдэх боломжтой төсөл эхэлж байна. Тодруулбал, тус сургуулийн цахилгааны зардлыг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр шийдэх төслийг хувийн хэвшилтэй хамтран эхлүүлж, өнөөдөр хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Төслийн хүрээнд 49-р сургуулийн цахилгааны хэрэглээг тооцоолон тохирох хүчин чадалтай нарны хавтанг суурилуулна. Мөн дулааныг хийн зуухаар шийдсэнээр тус сургууль нийслэлийн анхны ногоон сургууль болох боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр төвийн эрчим хүчний ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах давуу талтай.
Төслийг хэрэгжүүлж буй "Си Ар Ди" ХХК нь Huawei компанийн албан ёсны түнш бөгөөд олон улсын стандартад нийцсэн хавтанг суурилуулна. Төлбөрийн хувьд уян хатан нөхцөлөөр төлнө. Өөрөөр хэлбэл сургуулийн одоогийн цахилгааны зардлыг 4 жилийн турш төслийн төлбөрт шилжүүлснээр гэрээ дуусахад нарны цахилгаан станц 100 хувь дүүргийн өмч болж, цаашид 49-р сургууль цахилгааны төлбөргүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно.
Мөн нарны хавтан ашиглан үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг төвлөрсөн сүлжээнд нийлүүлж, орлого олох боломж ч нээгдэж байна.
Сэтгэгдэл үлдээх