Энэрэл нигүүлслийн баяр тохиож байна

Ц.Чимэдцэеэ
2025-11-11

Намрын адаг сарын хуучдын 22-ны өдөр Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан эхийнхээ ачийг хариулахаар Сүмж-засумын орноо залран очиж ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдан ханьцашгүй дээдийн номын өглөгөөр эхийгээ ачлан, нирвааны хутагт хүргэн 33-н тэнгэрийн орноос эргэж замбуу тивд залран ирсэн хэмээдэг. 

Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг буюу жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг билээ.

Иймд “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэсээр иржээ.

Эл өдөр эцэг эхийн ачийг санаж буян номонд шамдан, хүрээ хийдүүдэд Бурхан багшийн чого хурдаг уламжлалтай.

Түүний эх Бурхан багшийг төрүүлснээс долоон хоногийн дараа тэнгэрийн оронд төрсөн бөгөөд хүү нь гэгээрсний дараа эхийн ачийг хариулж, тэнд очин “Абидхарма судар”-ыг айлдсан гэж үздэг.

Дээрх өдөр нь энэ жил өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-нд тохиож байна.

Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэн, хилэнц нүглийг тэвчиж, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээн тэмдэглэдэг байна.

Гандантэгчэнлин хийдээс дараах арга хэмжээг зохион байгуулна.

06.30-07.30

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гэвш лхаарамба Д.Жавзандорж Батцагаан цогчэн дуганд “Тэгчэн сожон” буюу Их хөлгөний тэтгэн ариусахуйн нэг өдрийн санваар хүртээнэ.

09.00-10.00

Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл МУИС-д тус сургуулийн оюутан залууст "Энэрэл нигүүлсэхүй сэтгэл" сэдвээр илтгэл айлдана. Энэрэл нигүүлслийн сэтгэл нь бусдын зовлонг ойлгож, сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ ханддаг хүний хамгийн үнэт чанар юм.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гэвш лхаарамба Д.Жавзандорж МУБИС-д тус сургуулийн оюутан, залууст зориулан “Эцэг эхийн ачийг хариулахуй” сэдвээр айлдвар айлдана. Энэхүү айлдвар нь эцэг эхийн ачийг санах, дурсах, хүндэтгэх, ачлах, буян үйлдэх, сэтгэлийн талархал илэрхийлэх зэрэг үнэ цэнтэй, утга учиртай агуулга юм.

13.00-14.30

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гэвш лхаарамба Д.Жавзандорж "Насны авшиг" хайрлана.

Насны авшиг нь хүний нас, хийморь, заяа төөргийг тэтгэж, эрүүл энх, амгалан жаргалантай амьдрахын ерөөл юм.

14.30-15.30

Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл Батцагаан цогчэн дуганд "Асрал энэрэлийн сэтгэлийг хөгжүүлэхүй" илтгэлийг нийт сүсэгтэн олонд айлдана.

Асрал энэрэлийн сэтгэл нь бусдад тусалж, өрөвдөж, хайрлаж хүн бүрийг дотноор хүндэтгэж аж төрөх уужим сэтгэл юм.

Үдээс хойш эцэг эхийн ачийг хариулах маань хөгжөөнө. Мөн Дэмчигийн чого, Бурхан багшийн чого хурна. 

Сэтгэгдэл үлдээх

Сайхан мэдээлэл хүргэсэнд баярлалаа ❤️

Зочин

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe