Newsroom.mn сайтын сэтгүүлч Б.Батцэцэг зургаан сарын өмнөөс Соёлын сайд Ч.Номингийн төсвийн зарцуулалтыг нягтлан, сурвалжилж ирсэн. Гэтэл Монголыг сурталчилах нэрийн доорх төсвийн зарцуулалт нууцын тамгатай, яам болон харъяа газрын шилэн дансанд байршаагүй нь хардлага дагуулж байсан юм.
Иймээс сайдаас удаа дараа тодруулга авах гэж оролдож, хэд хэдэн удаа ярилцлага авахад хэлсэн мөнгөн дүн болон үйл ажиллагааны тайлбар эрс зөрүүтэй байжээ. Мөн сайд асан Ч.Номин сэтгүүлчдийг ялгаварлан харьцаж, ярилцлага өгөхгүй хэмээн удаа дараа мэдэгдсэн.
Мөн нээлттэй мэдээллээ төрийн байгууллагын сайт болон бусад талбарууд дээр байршуулалгүй өнөөдрийг хүрсэн юм. Ийм учраас сэтгүүлч сайд асан Ч.Номинг АТГ-т хандан албан ёсоор шалгуулах хүсэлт өглөө.
Энэ тухай Сэтгүүлч Б.Батцэцэг: "Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг гадаадад сурталчилна хэмээн гаргасан зардлыг нь холбогдох албан тушаалтнаас нь авахаар удаан хугацааны турш хөөцөлдөж ирсэн. Гэвч энэ талаар хангалттай мэдээлэл авч чадаагүй юм.
GoMongolia, WeMongolia гээд хоёр ажил байгаа юм. Үүний зардал хэд вэ гэхээр нэг удаа 400 мянган ам.доллар, дараа нь 500 мянган ам.доллар, дараа нь 1 сая ам.доллар гэх баримтын алдаанууд ярьж эхэлсэн.
За тэгвэл эх үүсвэр нь хаанаас вэ гэхээр хувийн хэвшил, дараа нь Дэлхийн банк, дараа нь Засгийн газар гэсэн зөрүүтэй мэдээллүүдийг өгч эхэлсэн. Тиймээс "Хуулийн байгууллага үүнийг шалгаж тогтоож өгнө үү" хэмээн хандаж байна.
Зарим зарлагыг бонд гэсэн хэсгээс олсон. Заримыг нь уншиж танилцуулбал
· Go Mongolia-г нэгдсэн өнгө төрхтэйгээр ОУ-д сурталчилах 230 сая төгрөг
· Go Mongolia түлхүүр үгийг олон улсад сурталчлах 1,7 тэрбум төгрөг
· Соёлын гадаад сурталчилгааг 1,6 тэрбум төгрөг
· Соёлын боловсрол олгох 1,5 тэрбум төгрөг Нийслэлийн урлагийн газарт
· Соёлын сэргэлт арга хэмжээнд 1 тэрбум төгрөг
Энэ мэтчилэн их хэмжээний зардлууд гарсан гэх мэдээлэл зарим сайтын шилэн дансан дээр ил болсон хэсгээс олж авсан.
Тэдгээр мэдээллээс харахад Үндэсний хороогоор дамжуулан бостон консалтинг, CNN гэх мэт газруудаар Монгол Улсыг сурталчлах зарлага гаргажээ. Гэхдээ хэдий хэмжээний мөнгө зарцуулж ямар үр дүд хүрсэн зэрэг мэдээлэл бүрхэг байна.
Иймээс АТГ энэ асуудлыг шалгаж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулсан эсэхийг нягтлах ёстой. Эрүүгийн хуулийн 22.1-т заасан асуудлыг шалгуулахаар албан ёсны хүсэлтээ өглөө.
Мөн хөлбөмбөгийн багийг ивээн тэтгэсэн асуудлыг тодорхой болгож, гэрээний мөнгөн дүн, үр дүнг тодруулах шаардлагатай юм. Бидэнд олдсон мэдээллээр 1.3 сая гаруй ам.долларыг урьдчилгаанд өгсөн байсан. Харин үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй шалтгаанаар МУ-ын ЗГ Арбитрийн шүүхэд өгсөн. Эмч багш нарынхаа цалинг хугаслаад хөлбөмбөгийн баг ивээн тэтгэх чадамжтай улс уу? зэрэг асуудлыг тодорхой болгож, нийтэд ил байх ёстой мэдээллээ гаргаж өгөхийг шаардаж байна.
Сэтгэгдэл үлдээх