Г.Дуламсүрэн: Ээжийнхээ бэлэглэсэн ээмэг, бөгжийг ломбардад тавиад, бизнесээ эхэлж байлаа

Ц.Чимэдцэеэ
2025-11-11

Говийн уудам нутагт ганцаараа ирсэн “эршүүд охин” өнөөдөр олон эмэгтэйд урам зориг өгдөг, эмэгтэйлэг нандин чанараа хайрлах үзэл санааг өөрийн брэнд болгон түгээж буй “сувдан бүсгүй” болжээ. Сувдан бүсгүй Ганбаатарын Дуламсүрэнгийн түүхээс хуваалцаж байна.

Өөрийгөө Сувдан бүсгүй гэж тодорхойлох дуртай.

Эмэгтэй хүн, эх хүн сувд шиг үнэ цэнтэй, үзэсгэлэнтэй, цэвэр нандин байхыг бэлгэдэн өөрийгөө “сувдан бүсгүй” гэж тодорхойлох дуртай. Иймдээ ч Өмнөговь аймгийн төв Даланзадгаддаа Сувдан бүсгүй дэлгүүрээ нээгээд, найман жил болсон.

Эмэгтэйчүүдийн дотоод гоо үзэсгэлэнг тодруулах дотуур хувцас, бэлгийн ариун цэврийн бүтээгдэхүүн болон Солонгосын “KooSwalla” брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар 6 дахь жилдээ ажиллаж байна.

Би энэ ажлаа “эмэгтэйчүүдийн өөрийгөө хайрлах соёлыг түгээх ажил” гэж боддог. Учир нь зөвхөн гадаад гоо сайхны тухай биш, эмэгтэй хүний дотоод итгэл, сэтгэл ханамжийн эхлэл хэмээн итгэдэг.

Аав маань “хөдөлмөрөөс л хүн болдог” гэдэг байсан

Би Төв аймгийн Эрдэнэсант суманд Шар Хотгор гэх нэг гайхалтай гоё хотгор дэнжид өссөн. Дөрвөн эмэгтэй дүүтэй.

Хүүгүй айлын том болохоор аавын туслагч, хүүгийн оронд хүү байсан. Гүү үхэр саадаг, адуу малд явдаг, тогоо нэрдэг хүүхэд байлаа.

Үүрээр адуунд явах дуртай. Хонь хариулахаас илүү хийморь сэргээд байх шиг санагддаг байсан. Аавынхаа бакал, дээлийг өмсөөд л гарна, тэр өдрөө эрт адуунд явсан гэдгээрээ нэлээн нэр хүндтэй шүү дээ. Бас тогоо их нэрнэ. Муу гаргаж болохгүй, муу гарсан тохиолдолд айгаад бараг өөрөө уучихна, сайн гарсныг нь хураадаг, нэг тиймэрхүү байлаа.

Одоо 30 гарчхаад бодоход хөдөөгийн суурьтай байх их хэрэгтэй байдаг юм байна. Аав маань “хөдөлмөрөөс л хүн болдог” гэдэг байсан. Хөдөөгийн амьдрал надад бие дааж амьдрах ухааныг өгсөн.

Ээмэг бөгжөө ломбардад тавьж байж 500 мянган төгрөгөөс бизнесээ эхэлж байлаа.

2014 онд Өмнөговь аймагт ирэхэд дотуур хувцасны дэлгүүр ховор, сонголт муутай байсан учраас нэгдүгээрт энэ асуудлыг шийдэх ёстой гэж бодсон. Хэмжээгээ мэдэхгүйгээс эхлээд биедээ эвгүй дотуур хувцас авчихдаг. Гэтэл манайхан чинь ази хүмүүс дотроо илүү европжуу, ялангуяа гуя, тааз хэсгээрээ ясархаг шүү дээ.

Хүн бүр өөрийнхөө онцлогт таарсан, хамгийн эвтэйхэн дотуур хувцас сонгож өмсөх хэрэгтэй. Өмсөх өмсөхдөө өглөө өмссөн дотуур хувцсаа шөнө нь заавал сольж байх ёстой. Гоё авч явъя, өгсөх замын халдвараас сэргийлье гэвэл мэдээж гараараа угаагаад, зориулалтын сав, баглаанд нь хийх дадал бас байх хэрэгтэй. Үтрээ өөрөө амьсгалдаг эрхтэн учраас аль болох даавуун дотуур хувцас өмсөж хэвшвэл эрүүл ахуй талдаа ч маш хэрэгтэй.

Энэ зэргээр зөвлөгөө мэдээллээ өгөөд л бүтээгдэхүүнээ арилжиж байна.

Сувдан бүсгүй фэйсбүүк бүлэгтээ 13500 хүнийг цуглуулж чадсан. Тэдэндээ маш сайн үйлчилж, мэдээллээ өгч, чанар түгээдэг учир надаас бүтээгдэхүүн авдаг гэсэн үг шүү дээ. Ингээд бодохоор өөртөө талархдаг.

Анх зориглож байгаад ээж аавынхаа бэлэглэсэн монет ээмэг бөгжийг ломбардад тавьж, 500 мянган төгрөгөөр эхэлж байлаа шүү дээ. Үүнээс хойш асар их сахилга батаар өнөөдрийг хүрсэн. Саяхнаас л нэг зээл сонирхож, бизнесээ өргөжүүлэх сэтгэлгээтэй болоод байна.

Орон нутгийн өнгө болсон залуусыг дэмждэг Говийн оюу хөгжлийг дэмжих сан.

Ер нь жоохон өрнөөс айгаад бас судалгаагүй байснаас буруудсан байсан. Манай аймагт бизнес эрхэлдэг хүмүүс Оюу толгойн Говийн ХДС-аас зээл аваагүй нь бол цөөхөн. Би л хамгийн сүүлд хожуу мэдэж орж ирсэн.

Үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс л зээл авдаг юм байна, би зөвхөн худалдаа эрхэлдэг юм чинь олдохгүй байх, дугаар дараалал ихтэй, олдоц багатай зэргээр дандаа бүтэлгүй бурууг нь харж явсан юм билээ.

Саяхан яг өөрөө сургалтад нь суугаад, Хаан банкны эдийн засагчтай яг ярилцаад ийм гоё боломж бололцоо, гаргалгаа байдаг тухай мэдсэн.

Тэгээд яг өөрт хэрэгцээтэй 30 сая төгрөгийн зээл аваад, тэр нь хугацаа урт, хүү бага. Энэ оны нэг сараас хойш эдийн засаг хумигдлаа шүү дээ. Долоодугаар сараас хойш бүр хумигдангуй болохтой зэрэгцээд эргэлтийн хөрөнгөө босгочихно гэдэг чинь миний хувьд маш дэмтэй байгаа.

Бас эргэн тойрны нэлээн олон жишээ мэднэ. Миний найз Оюу гэхэд л кофе шопоо нээхээсээ эхлээд энэ сангийн зээлээр одоо Ёлын аманд хүртэл салбартай болж чадсан.  

Өмнөговь аймгийн ирээдүй хойч үеийг бүтээлцэж яваа энэ гоё залуучууд, бизнес эрхлэгчид л орон нутгийн өнгийг тодорхойлж байна шүү дээ.  Тэгэхээр энэ хүмүүсийн ирээдүйд маш том хувь нэмэр оруулж байгаа Оюу толгойн Говийн оюу ХДС-д талархаад баршгүй нь. 10 жилийн ой нь тохиож байгаа тул мөн баяр хүргэе!

Говь гурван сайхан уулыг би өөрөө зорьж ирсэн.

Би нэлээн шашинлаг. Миний нутаг, тэр дундаа нөлөө бүхий хамбууд Төв аймгийн Мөрөнөөс гаралтай байдаг.  Тиймээс миний нэрийг өгсөн гайхалтай багш маань Өвөрхангай, Архангай, Дархан, Эрдэнэт, Өмнөговь гэсэн газрууд руу явж, хөдөө орон нутаг руу ажиллавал ямар вэ гээд санал болгосон. 

Хамгийн хөөрхөн нь сайн айраг гаргахын тулд удаан бүлдэг дээ, би дөрөв, таван настай байсан юм. Олон тоо мэдэхгүй учраас айраг бүлэх хооронд эмээ маань байнга үлгэр ярьж өгдөг байлаа.

Тэр үлгэр нь Говь гурван сайхан уулын домог. Ярих болгондоо өөрөөр ярина, тэгээд л дотор хүнд минь нэг л өдөр энд аж төрж амьдрах сан гээд манифест хийгээд байсан юм болов уу гэж одоо талархдаг.

Өмнөговь аймгийг яг газрын зураг дээрээс манай улсын хамгийн том газар нутагтай аймаг юм байна гэж зааж байгаад л засмал зам тавигдаагүй байхтай зэрэгцэж ирсэн.

Анх намайг ирэхэд ийм гоё хөгжөөгүй байсан шүү дээ. Гэхдээ өөрөө хүсээд ирсэн учраас юм болгоныг нь гоёор хараад л. Өөрөө сумын хөдөөгийн хүүхэд учраас ч бүх зүйл нь таатай. 

Ялангуяа домгийг нь мэддэг учраас Гурван сайхан уулдаа талархаж будаа, сүү, дээжээ өргөдөг.

Хотоос залуус ирж суурьшиж байгаад талархдаг.

Даланзадгадад суурьшаад 12 жил болж байна. Сайхан ханьтайгаа ч энд л танилцаж, айл гэр болсон. Холоос ирсэн хүнд их ээлтэй. Ялангуяа налгар намар нь бүүр гоё. Яах вэ шороо тавина л даа. Гэхдээ тэр шороо мороо нь асуудал биш. Сүүлийн гурван  жил бол үнэхээр гайхалтай зун боллоо.

Өвөлдөө хот шиг тачигнасан хүйтэн байхгүй. Бараг хавар намрын куртиктэй ч юм уу жоохон зузаахан өмдтэй л давчихна. Аж төрж амьдрахад үнэхээр таатай. Түгжрэл алга, сургууль цэцэрлэгийн хүртээмж өндөр, орон нутгийн удирдлагуудын үйл ажиллагаа зохион байгуулалттай, ер нь сайн шүү.

Бас манай аймагт Монгол Улсыг тэжээн тэтгэж байдаг маш олон уурхай ордууд байна. Үүгээрээ өөрсдийгөө санхүүжүүлэх чадамжтай учраас бүтээн байгуулалт маш өндөр зэрэглэлтэй.

Ялангуяа сүүлийн үед манай аймаг руу Улаанбаатар хотоос шилжин ирж, амьдарч байгаа залуус их болсон. Үүнд их талархдаг. Яагаад гэхээр цус ойртолт холдох юм болов уу гэж.

Хоёр хүүтэй ээж учраас цус ойртчих вий гээд бас хөөрхөн бодоод явдаг болсон.

Одоо энэ шинэ суурьшлын бүс гэх мэтчилэн улам тэлээд, сайхан болоод байна. Ямар ч стресс алга. Хүнтэй таван минутын дараа уулзъя гэсэн бол таван минутдаа уулзаж л байна. Үнэхээр жаргаж аж төрж байгаа.

Хоёр хүүгийнхээ нүдэнд ирээдүйн эхнэрийнх нь тусгал байх сан гэж боддог.

Хийдэг ажил маань эмэгтэйчүүдтэй холбогддог шүү дээ. Гэтэл би багадаа маш эршүүд, аавын дээл хувцсыг өмсөнө, ер нь сул чөлөөтэй эрэгтэйлэг хувцасладаг охин байсан. Арван жилээ төгсөөд Сингапурт нэг жил гаран амьдарсан юм. Тэгээд их сургуульд үеийнхнээсээ жоохон хожуу оюутан боллоо. Оюутны зөвлөлийн тэргүүн болоод, ажиллаад ирсэн чинь хувцсаа өөрчлөх хэрэгтэй болсон. 

Тэгээд эмэгтэйлэг хувцас өмссөн чинь өөртөө маш гоё харагдсан. Одоо бол хүмүүсээс үнэхээр эмэгтэйлэг шүү, үлгэр жишээ авдаг шүү гэдэг үг сонсоно оо. 

Миний хүү намайг харж өсөөд, хэтдээ бүр гоё, хөөрхөн бүсгүйтэй суугаасай гэж хүсдэг болохоор ч тэр үү яах аргагүй өөрчлөгдсөн. 

Хоёр хүү минь ирээдүйн ханиа ээж шиг нь хүн байгаасай гэсэн төсөөлөл төрүүлэх сэн гэж боддог. Манай ээж нэг ийм стильтэй, ийм хувцас өмсдөг, ингэж нүүрээ буддаг, үсээ ингэдэг, хөлийн хумс нь тийм байсан гэдэг ч юм уу ойлголт өгөх хэрэгтэй.

Мөрөөдлөөрөө амьдарч байна.

Мал хариулахдаа заримдаа дуу аялж, заримдаа өөртэйгөө ярьдаг байлаа. Тэр үед “сэтгүүлч болно” хэмээн мөрөөдөж, малын бэлчээрт радиогоор нэвтрүүлэг хөтөлж байгаагаар төсөөлдөг байсан.

Одоо бол сэтгүүлч болоогүй ч, өөрийгөө илэрхийлэх, хүмүүст мэдээлэл дамжуулах ажил хийж байна гэж боддог. Сошиал орчинд идэвхтэй байдаг, лайв хөтөлдөг, бүтээгдэхүүн танилцуулдаг. Заримдаа “чи яг сэтгүүлч шиг ярьдаг шүү” гэдэг. Тэгэхээр мөрөөдөл маань бүх талаараа биелж, би мөрөөдлөөрөө амьдарч байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe