Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын төлөөлөл өнгөрсөн аравдугаар сараас эхлэн ажилчдын нийгмийн асуудлыг анхааран үзэж, үндсэн цалинг 3.5 сая болгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Талууд хэлэлцээрт хүрээгүйн улмаас эмч ажилчид ажил хаялт эхлүүлэх шийдвэрт хүрээд байсан. Харин энэ сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар МЭМАҮЭХ-ны төлөөлөлтэй уулзалт хийсэн.
Гурван талт хамтын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрт талууд гарын үсэг зурснаар асуудал эцэслэгдэж, эмч, ажилчдын тэмцэл дууслаа.
Хэлэлцээрийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр тохиролцов. 2026 оны төсвийн урсгал зардлаас 191 тэрбум төгрөг танаж, эрүүл мэндийн салбарын ажилчдын үндсэн цалинг 2026 онд багтаан гурван сая төгрөгт хүргэж, дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Үүнд:
• 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар
• 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар
• 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар
• 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар
• 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар
• 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар
Энэ мэтчилэн үндсэн цалинг зургаан үе шаттайгаар нэмэгдүүлж, 2027 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс үндсэн цалинг 3.5 төгрөгт хүргэхээ амлалаа.
Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал хэмээн Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцолж байна.
Сэтгэгдэл үлдээх