Хятад улс иргэдээ Японд зорчихгүй байхыг анхааруулсны дараа Япон дахь худалдааны салбарын хувьцаа буурч эхэллээ

Д.Халиунаа
2025-11-17

Тайвань улстай холбоотой асуудлаар Хятад улс иргэддээ хандан шаардлагагүй бол ойрын хугацаанд Японоор зорчиж, аялахгүй байхыг анхааруулсан. Үүний дараа Япон улсын аялал жуулчлалд багахан хүндрэл учирч, худалдааны салбарын хувьцааны үнэ буурч эхэллээ.

Өнөөдрийн байдлаар “Mitsukoshi”, “Shiseido” зэрэг томоохон сүлжээ компаниудын хувьцаа арав гаруй хувиар унажээ.

Учир нь Япон улсад ирсэн аялагчдын бараг дөрөвний нэгийг Хятад иргэд эзэлж байна. Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи энэ сарын долооны өдөр парламентын хуралдааны үеэр Хятад Тайвань руу халдсан тохиолдолд Японоос цэргийн дэмжлэг үзүүлэхээ хэлсний дараа эл үйл ядвал болсон юм. Харин Хятадаас Такаичиг мэдэгдлээ буцаахыг хэд хэдэн удаа сануулсан хэдий ч шинэхэн сайд Такаичи хэлсэн үгэндээ бат зогссоор байна. 

Үүнээс гадна өчигдөр буюу Ням гарагт Хятад улсын Засгийн газар иргэддээ хандан Японд суралцах талаар сайтар бодохыг уриалж, тэдний аюулгүй байдалд учрах эрсдэлийн талаар мэдээлжээ.

Мөн тус улсын Боловсролын яам Японд суралцаж буй оюутнууддаа өөрсдийн аюулгүй байдлаа сайтар хангах талаар анхаарууллаа.

Эдгээр асуудлаар хоёр тал маргааш буюу мягмар гарагт хэлэлцээ хийх төлөвтэй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe