Дэлхийн тавцанд Монголын нэрийг бахархалтайгаар өргөж буй А.Адьяасүрэн

Ц.Чимэдцэеэ
2025-11-19

Энэ бол Амарсайханы Адьяасүрэн.

Монгол эрчүүд ямар харцны дор байдгийг дэлхий нийтэд харууллаа хэмээн хоржоонтой ч омогшил дүүрэн ярианы эзэн болсон бүсгүй.

Монголын хүнд жингийн жүдогийн шинэ үеийг тодорхойлогч, дэлхийн тавцанд өөрийн нэрийг жинтэйхэн бичүүлж, жиг жуг шуугиулах болсон тамирчин маань 2000 оны 3 дугаар сарын 26-нд мэндэлсэн.

Багаасаа спортын талбайд өсөж, эв дүй, тэсвэр хатуужлын хослол болсон жүдогийн замаар +78 кг жинд Монголын нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж яваа.

Анхны багш нар нь дурсахдаа “Адьяасүрэн бол бусдыг дагах биш өөрийн замаар явахыг хүсдэг хүүхэд байсан. Хичээл, спорт хоёрын аль нь ч байсан тэмцэгч зан нь анзаарагддаг” гэсэн байна.

Түүний барилдааны хэв маяг бол зүгээр нэг хүчний тоглолт биш зориг, хурд, бодолтой ухааны нийлбэр. Эхний барилдаанаасаа л өрсөлдөгчдөө хэрхэн уншиж, цаг хугацааг зөв мэдэрч, шийдвэрийг эгшин зуурт гаргадаг авьяастай гэдэг нь олон улсын багш, шүүгчдийн анхаарлыг татсан гэдэг.

2022 онд Ханжөүгийн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн нь түүний карьерын анхны том алхам байлаа. Үүнээс хоёр жилийн дараа, 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, тивийн хүнд жингийн гол өрсөлдөгчдийн нэг гэдгээ батлан харуулсан.

2025 он түүнд илүү тод гэрэлтсэн жил болов. Олон улсын томоохон тэмцээнүүдэд шилдэг 5-д шалгарч, тогтвортой амжилтаа хадгалж чадсан нь жүдогийн өндөр түвшний спортод хамгийн үнэтэй чанар, тогтвортой өсөлт юм.

Энэ амжилтууд түүнийг олон улсын фитнес, атлетик, өрсөлдөөнт шоу болох Physical Asia нэвтрүүлэгт Монголыг төлөөлөн оролцох эрхийн эзэн болгосон. Дэлхийн олон улс орны шилдэг хүчтэнүүдийг нэгэн тайзанд багтаасан тус шоунд А.Адьяасүрэн манай багийн гол тулгуур, тэсвэр хатуужлын нүүр царай болон сонгогдсон нь олон улсын хэвлэлд “Монголын хүч чадлын шинэ үеийн төлөөлөл” хэмээн онцлогджээ.

Тэр "Амжилт бол түрүүлсэн агшин биш, харин өдөр бүрийн тууштай алхам" хэмээх философитой.

А.Адьяасүрэнгийн түүх бол зөвхөн медалийн өнгөний тухай биш. Харин өөрийгөө давж, хил хязгаараа тэлж, ачаалал бүрийг боломж болгон хувиргахыг зорьсон эмэгтэй тамирчны бахархал бардамнал дүүрэн замнал юм.

Ийнхүү Монголын эмэгтэй жүдогийн ирээдүйг тодорхойлж, дэлхийн тавцанд Монголын нэрийг бахархалтайгаар өргөж буй А.Адьяасүрэнг Graph.mn сайт #BioGraph буландаа онцолж байна. Түүний цаашдын зам мөр нь олимп, дэлхийн дэвжээн дээр гэрэлтэн харагдах нь эргэлзээгүй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe