Сэнкакү аралтай холбоотой Хятадын хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ Японтой хурцадмал байдал үүсгээд байна.
Уг арал нь 7 км.кв талбайтай 5 арал, 3 хад бүхий бүс нутаг. Одоогоор Японы Окинава аймгийн Ишигаки хотод харьяалагдаж байгаа ч 14-р зуунаас 1895 он хүртэл Хятадын эзэмшилд байсан хэмээн үзэж, маргасаар ирсэн.
Тэгвэл Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи парламентын хуралдаа “Хятад Тайваньд халдвал Япон цэргийн хариу арга хэмжээ авч магадгүй” гэж мэдэгдсэнээс үүдэн Хятадын дургүйцлийг төрүүлж, дарамт үзүүлж эхэлжээ.
Хятадын зүгээс
Эргийн хамгаалалтын 1307 дугаартай хөлөг Сэнкакү арлын ойролцоох Японы мэдлийн усанд орж эргүүл хийв.
Хятадын цэргийн дронууд Японы баруун өмнөд захын арлууд, тэр дундаа Тайванд хамгийн ойр байрлах Йонагуни арлын дэргэд нисчээ.
Хятад энэ үйл ажиллагаагаа “хууль ёсны эргүүл, өөрийн эрх ашгийг хамгаалах алхам” гэж тайлбарлаж байгаа аж. Мөн Такаичи мэдэгдлээ буцаан татах ёстой гэж шаардсан байна.
Ийнхүү иргэдээ Япон руу зорчих, суралцах талаар болгоомжлохыг анхааруулж, нисэх тийзийг үнэ төлбөргүй буцаах боломж нээлээ.
Үүгээр зогсохгүй ирэх даваа гарагт Макаод зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн Япон, Өмнөд Солонгос, Хятадын гурван талд уулзалт хойшилсон. Учир нь Хятад улс уулзалтад оролцох боломжгүй гэж мэдэгдсэн бөгөөд учир шалтгааны талаар тайлбарлаагүй байна.
Хэдийгээр энэ сарын 18-нд Япон элчин сайдаа Бээжин рүү илгээж, дипломат төлөөлөгчтэй уулзсан ч тодорхой үр дүнд хүрээгүй.
Тайванийн армийн мэдээлснээр сүүлийн 24 цагт Хятадын 30 нисэх онгоц, 7 тэнгисийн хөлөг, 1 эргийн хамгаалалтын хөлөг арлын ойролцоо илэрчээ. Тайвань үүнийг “цэргийн дарамтын” нэг хэсэг гэж тодорхойлсон.
Хэрэв Хятад Тайваньд халдвал АНУ болон Япон оролцох магадлалтай тул зөрчил бүс нутгийн томоохон мөргөлдөөн болон хувирах эрсдэл өндөр байна.
Сэтгэгдэл үлдээх