Солонгосын театр, кино, телевизийн урлагийн амьд домог болсон ахмад жүжигчин Lee Soon Jae өнөөдөр буюу 11 сарын 25-нд 91 насандаа таалал төгслөө.
Эх сурвалжуудын мэдээлснээр тэрээр өнөөдөр үүрээр тэнгэрт хальсан аж. Сүүлийн саруудад түүний эрүүл мэндийн байдал дордсон тухай мэдээ гарч байсан бөгөөд эмгэнэлийн мэдээг сонссон уран бүтээлчид, шавь нар болон олон залуу жүжигчид гүн хүндэтгэлээ илэрхийлж, уй гашуугаа хуваалцаж байна.
1934 онд Хамгёнбүг мужийн Хверён хотод төрсөн Lee Soon Jae 4 настайдаа өвөө, эмээгийнхээ хамт Сөүлд иржээ. Сөүлийн ахлах сургууль, Сөүлийн үндэсний их сургуулийн гүн ухааны ангийг төгссөн байна. Lee Soon Jae “Beyond the Horizon” жүжгээр урлагийн гараагаа эхэлж, дараа жил нь телевизийн “Blue Horizon” драмд тоглон олны танил болжээ. 1965 онд TBC телевизийн анхны гэрээт жүжигчдийн нэг болж, насан эцэслэх хүртлээ 140 гаруй драмд дүрээ мөнхөлсөн байна. Тэрээр зарим сард 30-аад уран бүтээлд дүр бүтээж байсан гэх бөгөөд энэ нь урлагийн салбарт ч ховорхон үзэгдэл аж.
70 гаруй настайдаа тэрээр High Kick цувралын хоёр ангид тоглон залуу үеийн дунд дахин алдаршиж, “Adult Video Soon-jae” гэх хошигнолт дүрээрээ шинэ үеийн фенүүдтэй болсон. 2010-аад онд “Grandpas Over Flowers”-т оролцож олон нийтийн хайрыг дахин татсан юм.
90 нас дөхсөн үедээ “Jangsu Sanghoe” (2016), “My Grandfather Henry and Me” (2017), “King Lear” (2021) зэрэг том хэмжээний тайзны жүжигт тоглож, 2023 онд Чеховын “The Seagull”-ыг анх удаа найруулан тоглоход ч дүр бүтээж явжээ.
2024 онд KBS2 телевизийн Gaesori драмд тэтгэвэрт гарсан мөрдөн байцаагчийн дүр бүтээж, энэ бүтээлээрээ амьдралдаа анх удаа KBS Drama Awards-ын жүжигчний шагнал хүртсэн нь Солонгосын урлагийн ертөнцийг бүхэлд нь хөдөлгөсөн үйл явдал болсон.
Шагнал гардуулах ёслол дээр тэрээр нулимс дуслуулан:
“Удаан амьдарсны хүчинд энэ өдөртэй золгоход хүрлээ. Энэ бол гавьяаны шагнал биш — жүжиглэлт бол чадвар дээр үнэлэгдэх ёстой” хэмээн хэлж, үзэгчдийн сэтгэлийг догдлуулаад байв.
2024 оны аравдугаар сард тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар Waiting for Godot жүжигт тоглохоо цуцалсан ч, гурван сарын дараа шагнал гардуулах ёслолын тайзан дээр гарч ирэхэд үзэгчид, хамтран тоглогчид халуун алга ташилтаар угтжээ.
Тэрээр олон шавь бэлтгэсэн бөгөөд Гачон их сургуульд 13 жил хүндэт профессорын хувиар багшилж, жүжигчин болох ирээдүйн хүсэл мөрөөдөлтэй оюутнуудад урам өгч байв.
Сэтгэгдэл үлдээх