Эрүүгийн хуулийн 13.14 Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлээ

.Graph
2025-11-25

Монгол Улсын иргэн, сэтгүүлч нарын гаргасан Эрүүгийн хуулийн 13.14 Худал мэдээлэл тараах гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 16.16, 16.17, 19.1, 70.1 заалтуудыг зөрчсөн гэх гомдлыг гаргаад байсан.

Улмаар дээрх асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 16.16, 16.17, 70.1 заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэн гаргалаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их хуралд хүргүүлж УИХ-аар хэлэлцэх юм. 

Зөрчсөн заалтууд:

Үндсэн хуулийн 1.2

Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

Үндсэн хуулийн 16.16

Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно

Үндсэн хуулийн 16.17

Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална

Үндсэн хуулийн 70.1

Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe