Ми 8 онгоцны осол, газын дэлбэрэлт зэрэг онцгой байдлын алба хаагч амиа алдсан олон цочирдом хэрэг бий. Олон нийтэд мэдээлэгдсэн байдлаар шүүж үзвэл, сүүлийн 10 жилд нийт 11 алба хаагч өргөсөн тангаргаа амиараа биелүүлсэн харамсалтай тоо гарч байна.
2014 оны есдүгээр сарын 1
Багануур дүүргийн онцгой байдлын 4 албан хаагч Улаанбаатар хотод болсон хуралд оролцоод буцахдаа зам тээврийн ослын улмаас амиа алдсан байна. Шадар сайдаар Д.Тэрбишдагва ажиллаж байв.
2017 оны хоёрдугаар сарын 15
Дорноговь аймгийн онцгой байдлын алба хаагч шүлхий өвчний тархалтаас сэргийлэх постод ажиллаж байхдаа нас барсан. Нас баралтын шалтгааныг угаартсан хэмээн тогтоосон. Шадар сайдаар У.Хүрэлсүх ажиллаж байв.
2019 оны тавдугаар сарын 12
Өвөрхангай аймгийн онцгой байдлын алба хаагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын гэрийг нүүлгэж байхдаа зам тээврийн осолд орж амиа алдсан. Шадар сайдаар Ө.Энхтүвшин ажиллаж байв.
2021 оны арванхоёрдугаар сарын 3
Баянзүрх дүүргийн онцгой байдлын алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан. Шадар сайдаар С.Амарсайхан ажиллаж байв.
2023 оны арванхоёрдугаар сарын 19
Хан-Уул дүүргийн онцгой байдлын алба хаагч гал унтрааж байхдаа амиа алдсан. Шадар сайдаар С.Амарсайхан ажиллаж байв.
2024 нэгдүгээр сарын 24
Баянзүрх дүүрэгт болсон газын дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан. Шадар сайдаар С.Амарсайхан ажиллаж байна.
Сүүлийн 10 жилд онцгой байдлын алба хаагч амиа алдсан байдлыг авч үзвэл, С.Амарсайхан сайдын үе буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед таван алба хаагч амиа алдсан нь хамгийн муу үзүүлэлт болж байна.
Мөн ОБЕГ-т хуваарилсан төсвийг сүүлийн 10 жилээр авч үзвэл, 26 тэрбум төгрөгөөс 426 тэрбум болтлоо өсөж, 1638 хувиар (16 дахин) нэмэгдсэн байна. Төсөв ийнхүү нэмэгдсэн ч алба хаагчдын амь эрсдэх байдал буураагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, онцгой байдлын төсөв сүүлийн 10 жилд 16 дахин өссөн ч 11 алба хаагчийнхаа амийг хамгаалж чадсангүй.
Сэтгэгдэл үлдээх