Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх оны дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчлахаа мэдэгдлээ

Д.Халиунаа
2025-11-27

Өнгөрсөн аравдугаар сард АНУ, БНХАУ-ын хоёр төрийн тэргүүн Өмнөд Солонгос улсын Пусан хотод чухал уулзалт хийсэн билээ. Уулзалтын үеэр тэд худалдааны тариф болон Украин дахь ОХУ-ын түрэмгийлэл зэрэг асуудлын талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр мөн ирэх онд Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсад айлчлах талаар яригдсан.

Харин саяхан гарсан мэдээллээр хоёр улсын төрийн тэргүүн утсаар холбогдож, Трамп ирэх оны дөрөвдүгээр сард тус улсад айлчлал хийхээр төлөвлөжээ. Мөн Трамп дараа жилийн сүүлээр Ерөнхийлөгч Ши Жинпинийг төрийн айлчлалд урьжээ.

Дональд Трамп Truth сошиал хуудастаа “Бидний харилцаа бол туйлын хүчтэй” хэмээн тэмдэглэсэн бол Хятадын талаас "Хоёр улс эрч хүчээ үргэлжлүүлж, эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр зөв замаар урагшлах ёстой" хэмээжээ.

Удирдагчид өнгөрсөн сард хийсэн уулзалтаараа зөрчилдөөнтэй байсан худалдааны тарифын талаар хэлэлцэж, зөвшилцөлд хүрсэн юм.

АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн нэмэлт татвар ногдуулна гэсэн заналхийллээ буцаан татсан бол Хятад улс газрын ховор элементийн экспортын хамгийн сүүлийн үеийн хяналтыг нэвтрүүлэх төлөвлөгөөгөө хойшлуулсан. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe