Яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан "Болор цом"-ын эзэн боллоо

.Graph
2025-11-27

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам энэ жил Бүгд Найрамдах Улс тунхагласны ойн өдөр Улсын филармонийн тайзнаа амжилттай болж өндөрлөлөө.

Энэ онд Монгол Улсын утга зохиолын салбарын ахмад уран бүтээлчдийн ойг тэмдэглэсэн нь онцлог байв. Тус наадамд 28 яруу найрагч өрсөлдсөн бөгөөд гуравдугаар шатанд 15 уран бүтээлч тунаж үлдэж шүлгээ уншсан юм.

“Болор цом-43" яруу найргийн наадмын тэргүүн байрын эзэн, эгшиглэнт эхийн хишигт найрагчаар Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан тодорлоо.

Наадмын дэд байрыг “Явуухулангийн нүднээс гэрэл цацарнам” шүлгээрээ Л.Торой, гутгаар байрыг “Монгол бичиг” шүлгээрээ Д.Болдхуяг, дөрөвдүгээр байрыг “Дуртгалын алтан цулбуур” шүлгээрээ Б.Эрдэнэ-Очир, тавдугаар байрыг “Чиний гар” шүлгээрээ Б.Ганхүрэл нар тус тус хүртлээ.  

“БОЛОР ЦОМ-43” наадмын Тэргүүн шүлэг

ҮГ

Хамаг хайрыг би үгнээс авч
Хамаг хайраа би үгэнд юүлсэн
Үг миний үндэс хөрс
Үг миний өвөг дээдэс

Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй
Үггүйгээр би өчигдөрт харьж чадахгүй
Үггүйгээр би үнэн аж төрж, амьсгалж чадахгүй
Үггүйгээр би өргөн олон, өрөөл бусдыг ч хайрлаж чадахгүй

Үг миний мөргөлийн сүм
Үг миний өргөлийн сум
Үг миний өстөн дайсан, бас хань нөхөр
Үг миний өрөвч зан, бас тэсвэр тэвчээр

Дардам мөртөө замаа олоогүй үгэнд
Зам болж
Далавчтай мөртөө тэнгэрээ олоогүй үгэнд
Тэнгэр болж явдаг би

Үгэн дотор далавч байдгийг харж
Үг шувуу шиг нисэж дүүлдэгийг ч үзэв би
Үгэн дотор өвс ногоо хөтлөлцөн ургаж
Үг үгийнхээ салхинд гандаж хагдардагийг ч танив би

Үг миний энхрий үрс
Үг миний эх нутаг
Үг миний эх орон
Үг миний эх дэлхий билээ.

Чулуу шиг үгэнд ус хадгалж
Нэлийсэн их далайг хурааж үзсэн би
Чулуу шиг үгнээс ус мөрнийг суллаж
Цэлийсэн тэнгэрийг амрааж ч явсан би

Уул шиг үгэнд тал сөхөрдөгийг харж
Ухаант өвгөдийнхөө үг сургаалыг дагасан би
Ус мөрөн шиг үгнээс амьтан хүн ундаалахыг үзэж
Улс гэртээ эзэн суухыг ч таньсан би

Үг миний өдөр хоног
Үг миний чөдөр аргамж
Үг миний мөр зам
Үг миний мөрөөдөл хүсэл

Үг төрж, үг өсдөг хорвоод
Үг өвдөж, үг эдгэдэг орчлонд
Үг уйлж, үг дуулдагийг таньснаас
Үг өтөлж, үг үхдэгийг харсангүй би!

Үг миний туургат - гэр орон
Үг миний тусгаар тогтнол - эрх чөлөө!

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe