Сайнбуянгийн АМАРСАЙХАН гэж хэн бэ

.
2024-02-23

Энэ бол С.Амарсайхан. Улсын хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд. Налайх дүүргийн Эрдмийн оргил сургуулийг төгсөж, АНУ-д бакалавр, магистрын зэргээ хамгаалсан англи, орос, хятад хэлтэй буюу Монголчуудын хэлдгээр боловсролтой нэгэн билээ. 

С.Амарсайханыг дагаж явдаг олон асуудал бий. Тухайлбал, цар тахлын үед эхнэр Ч.Ичинхорлоогоо улаан бүс рүү оруулж, халдвар авсан ээж, аавтай нь уулзуулж байсан. Тэр үе бол гадаадад гацсан иргэд эх орондоо ирж ч чадахгүй, иргэд улаан бүс рүү орж нэгэнтэйгээ уулзах байтугай гэрээсээ ч гарч чадахгүй байсан үе. Ийм үед эхнэрээ эрхлүүлж, ээж аавтай нь уулзуулсанд нь иргэд ихээхэн бухимдсан. 

Мөн улсаараа цар тахалтай тэмцэж, төсвийн зардлыг цар тахалтай тэмцэхэд чиглүүлж байсан үед тэрээр хотын даргаар ажиллаж байв. Энэ үедээ Сүхбаатарын талбайн урд 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих захирамжийг гаргаж байлаа. Уг шийдвэрийг иргэд эсэргүүцсэн ч төсөв нэгэнт батлагдсан тул ажил үргэлжилж, ашиглалтад орсон билээ.

Өнөөдөр 2024 оны нэгдүгээр сарын 29. Энэ өдөр бол түүний Шадар сайдаар томилогдсоны гурван жилийн ойн өдөр. Ойн өдрийг баяр хөөртэй тэмдэглэдэг ч С.Амарсайханы хувьд хүндхэн үзүүлэлттэйгээр энэ өдрийг угтаж байна. Учир нь, Онцгой байдлын ерөнхий газар нь Шадар сайдын эрхлэх хүрээнд хамаардаг. Засгийн газрын тухай хуульд Шадар сайдын үндсэн үүрэг нь гамшгаас хамгаалах бөгөөд иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаална гэсэн байна. 

үүний сайд байсан 1095 хоногийн хугацаанд онцгой байдлын төсөв 426 тэрбум төгрөг болтлоо нэмэгдсэн. Ялангуяа, онцгой байдлын албаны зардал сүүлийн гурван жилд хамгийн их нэмэгдсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм. 

Төсвөө ийнхүү нэмүүлж чадсан С.Амарсайханы албан үүргээ гурван жилийн хугацаанд биелүүлсэн байдлыг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс авч үзвэл, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улс гамшгийн улмаас 886 хүнээ алджээ. Мөн С.Амарсайханыг Шадар сайд хийх хугацаанд онцгой байдлын таван алба хаагч албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан байна. Энэхүү үзүүлэлтийг харахад, С.Амарсайхан нь иргэдээ байтугай, алба хаагчдаа ч гамшгаас хамгаалж чадаагүй гэх дүр зураг харагдаж буй юм.

Ийнхүү гурван жилийн ойн өдрөө хүндхэн үзүүлэлттэйгээр угтаж буй С.Амарсайханыг graph.mn сайт biograph буландаа онцоллоо. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe