Альбертагаас Ази руу газрын тос дамжуулах шинэ хоолойн төсөл батлагдсан ч маргаан дагуулсаар байна

Д.Халиунаа
2025-11-28

Канад улс удаан хугацааны турш АНУ-аас эдийн засгийн хувьд хамааралтай байсаар ирсэн. Учир нь Канад улсын нийт экспортын 25-30 хувийг газрын тос эзэлдэг бол үүний 95 орчим хувь нь АНУ руу чиглэдэг. Газрын тосны нөөцийн хэмжээгээрээ Венесуэл болон Саудын Арабын араас ордог газар бол Канад улс дахь Альберта муж юм.

Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлсэн худалдааны тарифын нөлөөгөөр Канад улс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа сулруулж, ойрын арван жилд АНУ-аас бусад орны экспортыг хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ.

Үүний тулд 164 тэрбум баррелийн нөөцтэй Альберта мужаас Номхон далайгаар дамжин Азийн орнууд руу шууд холбогдох газрын тосны шинэ хоолой барих төсөл нэлээн удаан яригдсан. Энэ нь удаан хугацааны турш маргаан дагуулсаар ч ирсэн.

Харин өчигдөр буюу пүрэв гарагт Альберта муж дахь Калгари хотод болсон уулзалтаар Канад улсын Ерөнхий сайд Марк Карни, Альберта мужийн Ерөнхий сайд  Даниэль Смит нар удаан хүлээсэн шинэ гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэсэн хэдий ч саяхан батлагдсан энэхүү гэрээ аль хэдийн эсэргүүцэлтэй нүүр тулаад байна. Төсөл яригдаж эхэлснээс хойш Бритиш Колумби мужийн Ерөнхий сайд Дэвид Эби үүнийг хүчтэй эсэргүүцсээр ирсэн. Учир нь энэхүү төсөл санхүүгийн хувьд баталгаагүй бөгөөд тогтсон гүйцэтгэгчгүй, татвар төлөгчдийн мөнгөөр босох магадлалтайгаас гадна экологийн өндөр эрсдэлтэй гэж үзсэн.

Мөн пүрэв гарагийн орой Холбооны соёлын сайд Стивен Гилбо Карнигийн танхимаас огцрох өргөдлөө өгч, эрчим хүчний гэрээг эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн.

Тэрбээр газрын тос дамжуулах шинэ хоолой байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж.

Уг төслийн гол санаачлагч бол Альберта мужийн Засгийн газар юм. Одоогоор төлөвлөгөө урьдчилсан шатандаа явж байгаа бөгөөд албан ёсны чиглэл хараахан гараагүй байна. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe