“Төрийн мэдэлд байгаа бүх юм л дампуурдаг” гэх хоржоонтой хошигнол үнэн болоод удаж буй. Жишээ нь, сүүлийн үед төрийн өмчит компаниудын үр ашиг, алдагдал, чиг үүргийн давхцалтай холбоотой асуудлууд сөхөгдөж, Засгийн газар эхнээс нь цэгцлээд явж буй.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Төрийн өмчит компани, үйлдвэрийг алдагдалтай ажиллуулж байгаа захирлыг толгой дараалан чөлөөлнө” хэмээн ширүүхэн мэдэгдээд байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын үр дүнг танилцуулж байгаа гэнэ.
Энэ шалгалтын дүгнэлтэд үндэслэн хэд хэдэн төрийн өмчит компаниудын захирлыг суудлаас нь мулталж, хуулийн байгууллагад шалгуулна гэх мэдээлэл чих дэлсэж эхэллээ.
Тухайлбал,
- ИНҮТ-ийн дарга Б.Отгонсүх
- УБЦТС ТӨХК-ийн дарга К.Эрдэнэбаяр
- "ДЦС-IV" ТӨК-ийн захирал Ү.Төмөрхуяг,
- МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир,
- "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат
- АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон,
- ИНЕГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаяр нарыг чөлөөлөх бололтой.
Суудлаасаа мултрах шахаж буй зарим дарга нарт холбогдох үндэслэлийг товч дурдая.
- ИНҮТ-ийн дарга Б.Отгонсүхийг 2025 оны 1 сард тус албан тушаалд томилсон. Гэвч тэрбээр огтхон ч нисэхийн мэргэжлийн хүн биш бөгөөд хяналт шалгалтаар алдаа зөрчил, алданги ихээр тогтоогдсон тул чөлөөлөх аж. Түүнчлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас 16 жилийн дараа буюу 2026 он гаргаад Монгол Улсад шалгалт хийх гэж байгаа. Гэвч тус байгууллагаас “Нисэхийн байгууллагад “Мэргэжлийн удирдлагын баг” ажиллуулах” гэх шаардлагыг тавьсан бөгөөд манай улс ч тус шаардлагыг хангах шаардлагатай. Тиймээс яах аргагүй Б.Отгонсүхийг мулталж таарах нь.
- "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбатын хувьд 2024, 2025 онд шууд гэрээгээр нийт 5.33 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй тендерийн шаардлагыг зөрчжээ.
- МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг чөлөөлөх үндэслэлд “компанийн нийт үйл ажиллагааны зардал өмнөх оны мөн үеэс өссөн, харин төлөвлөгөөнөөс доогуур гүйцэтгэлтэй байна. Ажилчдын цалингийн багц зардал есөн тэрбум төгрөгөөр өссөн нь батлагдсан төсвөөс үндсэн болон түр орон тоо хэтэрсэнтэй холбоотой байна” гэх шалгалтын дүгнэлтүүд оржээ.
- УБЦТС ТӨХК-ийн дарга К.Эрдэнэбаярын хувьд ч тендер, санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудлуудад нэр нь дурдагдаад буй. Тухайлбал, тендерийн шаардлага хангаагүй байхад гэрээ хийсэн гэх гомдлын дагуу Сангийн яамнаас тус байгууллагад шалгалт хийхэд “Тендерийн шалгаруулалтыг буруу үнэлсэн" гэх дүгнэлт гарчээ.
Энэ мэтчилэн төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудад холбогдох шалгалт оруулж, ажлаа хийж чаддаг, мэргэжлийн удирдагч нараар нь солих, эс бөгөөс хувьчлах замаар бүтээмж, үр ашгийг нь сайжруулж, төрийн зардлыг бууруулах хэрэгтэй болов уу.
Сэтгэгдэл үлдээх