Судалгаа: Иргэдийн 97 хувь нь ХХОАТ-ын хувь хэмжээг бууруулах ёстой гэж үзжээ

Г.Энэбиш
2025-12-01

УИХ-ын тамгын газрын дэргэхэд Парлментын судалгааны хүрээлэнгээс 2025 оны 11-р сард 1000 гаруй иргэнийг хамруулсан Хувь хүний орлогын албан татварын талаарх иргэдийн ойлголт, хандлагыг тодорхойлсон судалгааг хийжээ. Тус судалгааны үр дүнгийн онцлох хэсгийг мэдээлж байна.

Иргэд татвар төлөх ёстой гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрчээ

"Хүн бүр татвар төлөх ёстой” гэдэг үгийг зөвшөөрөх нь нас нэмэгдэх болон нэг сарын орлогын хэмжээ нэмэгдэхтэй зэрэгцэн өсөж байна.

40-өөс дээш насныхан болон сарын 2.3 саяас дээш орлоготой хүмүүс дээрх хэсэгт хамрагдаж байгаа бол 18-24 насныхан болон сарын 1.8 сая төгрөгийн орлоготой хүмүүсийн дунд зөвшөөрөхгүй хандлага жин дарж байна.

Бүлгийн ярилцлагын хүрээнд “Хүн бүр татвар төлөх ёстой” гэдгийг хүлээн зөвшөөрөх эсэхийг тодруулахад ярилцлагад оролцогчдын 65% нь зөвшөөрнө гэж хариулсан нь тоон судалгааны дүнг баталгаажуулсан. Ийнхүү хариулж буй шалтгааныг тодруулахад татвар төлөх нь иргэн бүрийн хуулиар хүлээсэн үүрэг тул орлого олж буй хүн бүр татвар төлөх нь шударга зарчим гэж үзэхийн зэрэгцээ татвар бол улсын төсвийг гол эх үүсвэр гэж иргэд тайлбарлаж байна.

 Харин “хүн бүр татвар төлөх ёстой” гэдгийг хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэхгүй, эргэлзсэн хүмүүсийн хувьд татварын талаарх мэдээлэл дутмаг, татварын мөнгөний зарцуулалт ил тод 6 биш, үр дүн нь ойлгомжгүй, зарим тохиолдолд татварын хэмжээ өндөр санагддаг болохоо илэрхийлсэн.

Тэгвэл тус асуултад зөвшөөрөхгүй гэж хариулсан шалтгаан нь татварын зарцуулалт ил тод биш, үр ашиггүй, татварын тогтолцоог шударга бус, ажил хийж, амьжиргаагаа залгуулахад татвар дарамт болдог гэж үзэх байдал байна. Тодруулбал, төлсөн татварын мөнгөний зарцуулалт ойлгомжгүй, төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг, бага орлоготой хүмүүсээс татвар өндөр авдаг хэр нь өндөр орлоготой, бизнес эрхлэгч нар зарим тохиолдолд татвар төлдөггүй, цалингийн орлого нь амьжиргаанд нь хүрэлцэхгүй байхад татвар авч, амьдралд нь дарамт болдог гэж судалгаанд оролцогчид тайлбарласан.

Судалгаанд оролцогчдын 78% буюу 10 хүн тутмын 8 нь ХХОАТ төлдөг, 15% нь төлдөггүй

Дийлэнх тохиолдолд иргэд ХХОАТ төлөхдөө цалин, хөдөлмөрийн хөлсний орлогоос шууд суулгуулдаг. Ялгаатай байдлыг харвал 18-29 настай залуучууд, төрийн алба болон хувийн байгууллагад ажилладаг, 1,300,000-2,800,000 төгрөгийн цалинтай хүмүүс цалин, хөдөлмөрийн хөлсний орлогоос шууд суутгуулах хэлбэрээр ХХОАТ төлдөг бол, 30-аас дээш насны, хувийн бизнес эрхэлдэг, 4,800,000-аас дээш орлоготой хүмүүс өөрөө үйл ажиллагааны орлогоо тодорхойлж, тайлагнаж, татвар төлдөг байна.

 ХХОАТ төлдөг, төлдөггүй байх шалтгааныг фокус бүлгийн ярилцлагын хүрээнд тодруулахад, дийлэнх ХХОАТ татвар төлдөг хүмүүс цалингаасаа шууд татуулах хэлбэрээр төлдөг. Харин сайн дурын үндсэн дээр орлогоо мэдүүлж, ХХОАТ төлдөг хүмүүс нэгдүгээрт, хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, хоёрдугаарт аливаа зээлд хамрагдах, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн үйлчилгээ авахын тулд татвар төлдөг байна. Харин хувиараа бизнес эрхлэхэд бүхий л үйл ажиллагаа болон зардал хувь хүний нуруун дээр байдаг гэх шалтгаанаар ХХОАТ төлдөггүй тохиолдол байна. Мөн зарим үед хуулийн хүрээнд татвараас чөлөөлөгддөг үйл ажиллагаа явуулдаг нь татвараас чөлөөлөгдөх нөхцөлийг бүрдүүлдэг аж. ХХОАТ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход

  • ·         0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар,
  • ·         120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар,
  • ·         180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна” гэж заасан байдаг. 

Судалгаанд оролцогчдын нэг сарын татвар суутгаагүй дундаж орлого 2,468,705 байгаа бол хамгийн бага нь 150,000 төгрөг, хамгийн өндөр нь 42,000,000 төгрөг 

Ажилладаг салбараар харвал, төрийн албан хаагчдын орлого харьцангуй тогтвортой, хамгийн бага орлого харьцангуй өндөр боловч дээд орлого нь 4 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Харин хувийн байгууллагад ажиллагсдын орлогын ялгаа маш их буюу тухайн байгууллага, албан тушаал, мэргэжлийн онцлогоос шалтгаалж орлого ихээхэн хэлбэлзэж байна. Тэгвэл хувиараа бизнес эрхлэгчдийн орлого хамгийн өндөр боловч хэлбэлзэл маш ихтэй байна.

 Иргэд “татвар төлснөөр чанартай үйлчилгээ авна” гэсэн хүлээлттэй байдаг. Судалгаанд оролцогчдоос энэхүү хүлээлтийг үнэлүүлэхэд дундаж үнэлгээ 1.7 буюу төр иргэдийн төлсөн татварыг шударгаар, иргэдэд хэрэгтэй, зөв зүйлд зарцуулж чадахгүй байна гэж харж байна.

Төр иргэдийн төлсөн татварыг шударгаар, иргэдэд хэрэгтэй, зөв зүйлд зарцуулж чаддаггүй гэх хандлага боловсрол, орлогын түвшин нэмэгдэхтэй зэрэгцэн нэмэгдэж, төрийн байгууллагаас бусад салбарт ажиллагсдын дунд мөн сэтгэл хангалуун бус байдал өндөр байна.

Иргэд: Татварын хувь хэмжээг бууруулах ёстой

Судалгаанд оролцогчдын 98% нь татвар бууруулахыг дэмждэг бол 2% нь дэмждэггүй.

Тэгвэл татвар бууруулах бодлогыг дэмждэг бол үүний үр дүнд төрийн үйлчилгээг хумьж, хязгаарлахыг зөвшөөрөх эсэхийг тодруулахад 50% нь буюу 2 хүн тутмын нэг нь зөвшөөрөхгүй гэж хариулсан бол 29% нь зөвшөөрнө, 19% нь эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна.

Тэгвэл татвар бууруулах ёстой эсэх талаарх байр суурь, шалтгааныг фокус бүлгийн ярилцлагаар тодруулахад, оролцогчдын 67% буюу ойролцоогоор 10 хүн тутмын 7 нь бууруулах ёстой гэж үзсэн. Шалтгаан нь татварын хувь хэмжээ өндөр байснаар татвар төлөгчдийн тоо буурах, орлогоо нуун дарагдуулах эрсдэл үүсэж, эдийн засагт төдийлөн тэлэлт авчрахгүй байгаа. Татварын хувь хэмжээг бууруулснаар хувиараа бизнес эрхлэгчид болон татвар төлөгчдийн тоо нэмэгдэж, эдийн засаг тэлэх боломж бүрдэнэ гэж судалгаанд оролцогчид үзэж байна. Ярилцлагад оролцогчдын 19% буюу ойролцоогоор 10 тутмын 2 нь татвар бууруулах хэрэгтэй талаар сайн хэлж мэдэхгүй, нөхцөлт байдлаар бууруулж болох юм гэж хариулсан. Тухайлбал, татвар бууруулах бол орлогын түвшнийг шаталж, татварын хэлбэрээс шалтгаалж 23 өөр өөр хувь хэмжээгээр тогтоох, гэхдээ төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг алдагдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй гэсэн. Харин 12% буюу ойролцоогоор 10 хүн тутмын нэг нь татварын хувь хэмжээг бууруулах хэрэггүй гэж хариулсан. Тодруулбал, одоогийн татварын хэмжээ боломжийн, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа харахад ч татвар бууруулах нөхцөл үүсээгүй, харин бүх хүн татвараа төлдөг байхад анхаарч ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.

Судалгаанд оролцогчдын 98% нь татвар бууруулахыг дэмждэг бол 2% нь дэмждэггүй

 Төр ба иргэний татварын харилцан тохиролцоо Судалгаанд оролцогчдын 68%, өөрөөр хэлбэл 10 хүн тутмын 7 нь татварын орлогоор төрийн үйлчилгээ санхүүжих ёстой гэж үзсэн нь төр ба иргэний хоорондын нийгмийн гэрээг хүлээн зөвшөөрч буйг харуулж байна. Тэд татварыг төрийн үйлчилгээний гол санхүүжилтийн эх үүсвэр гэж үздэг хэдий ч төрийн ил тод байдал, хариуцлага, мөн халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх шаардлагыг давхар тэмдэглэсэн. Харин багахан хэсэг нь татварын тогтолцоог шүүмжилж, үүний шалтгаанаар халамжийн хавтгайрсан бодлого, төсвийн үр ашиггүй зарцуулалт, татварын өндөр дарамт болон төрийн үйлчилгээний чанарын сул байдал зэрэг асуудлыг дурдсан байна.

Хүн бүр ижил хувьтай татвар төлөхийг иргэдийг шударга бус гэж үзэж байна

“Хүн бүр ижил хувьтай татвар төлөх нь шударга уу?” гэсэн асуултад дундаж үнэлгээ 2.5 (огт шударга биш бол 1, маш шударга бол 5) гарч, олонх иргэд ижил хувьтай татварын тогтолцоог шударга бус гэж дүгнэжээ. Судалгаанд оролцогчдын 60% нь орлого багатай хүмүүс ижил хувьтай татварын нөхцөлд илүү дарамтад ордог тул шаталсан татвар илүү оновчтой гэж үзсэн бол 26% нь шударга гэж хариулсан. Ижил хувьтай татварыг шударга гэж үзэх хандлага эрэгтэй, 800,000 төгрөгөөс доош болон 3.3 сая төгрөгөөс дээш орлоготой бүлэгт харьцангуй өндөр гарсан. Харин шударга бус гэж үзэх хандлага эмэгтэй, 800,001–1,800,000 төгрөгийн орлоготой иргэдийн дунд давамгайлжээ. Ижил хувьтай татварын бодлогыг дэмжигчид хүн бүр тэгш эрхтэй, татварын систем ойлгоход хялбар байх ёстой гэж үзсэн. Харин эсрэг байр суурьтай иргэдийн тайлбарлахдаа иргэдийн амьжиргааны боломж ижил бус тул орлого багатай иргэнд нэг ижил хувьтай татвар илүү хүнд дарамт үүсгэдэг, харин өндөр орлоготой хүмүүс нийгмийн өмнө илүү хариуцлага хүлээх нь шударга гэж тодорхойлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe