"Гилийн боол"

Б.Энхтулга
2025-12-01

МАН-ын хоёр сар үргэлжилсэн зөрчил дуусаж улсын ажилд анхаарлаа хандуулах нь уу гэтэл томилгоо, холио солио гээд дахин хагас сар болов. Зурагдсан төлөвлөгөөний нэг хэсэг Ерөнхийлөгчийн “гилийн боол” Б.Энхбаяр ч хоцорсонгүй улс төрийн үзэгдлийн нэг хэсэг болсны хариугаа авч түүнийг намаас хөөгдөөд байсан шийдвэрийг шинэ даргын шинэ Хяналтын Ерөнхий хорооны дарга нь хүчингүй болгосон.

“Гилийн боол”-ын хулгайчийг барих үзэгдэл төгсгөлгүй дуусчихсан уу?

2025 оны 9-р сарын 12 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ илэрхийлэв. Энэ мэдэгдэл өнөөдрийн хүчгүй Д.Амарбаясгаланг бий болгосон. Болдог бол энэ үе рүү буцаад нэр дэвшихгүй Л.Оюун-Эрдэнэ миний найз, У.Хүрэлсүх миний ах учраас тэр хоёрын зөрчлөөс холуур явна гэдгээ илэрхийлчихсэн байсан бол гэж Д.Амарбаясгалан хааяа боддог байж магадгүй. Гэхдээ залуу хүний омог давамгайлж одоо л дүрэхгүй бол дахиж дүрэх боломж олдохгүй гээд ахынхаа цээж рүү хутга дүрсэн нь гомдол, хорслын улс төрийг эхлүүлсэн юм. Б.Энхбаяр гишүүн гэнэт нэвтрүүлэгт орж болзошгүй, би хардаж байгаа гэх мэтчилэн үг хэрэглэн Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч бас алуурчин гэж яллав. Б.Энхбаярын хийсэн энэ мэдэгдэл нүүрсний хулгайтай тэмцэх гээд байгаадаа биш албан тушаалаа эргүүлэн авах гэж улайрсандаа хийж байгаа хэмээн улс төрийн хүрээнийхэн хардаж байлаа.

Ийм шоглоом байж болох юм. Б.Энхбаяр Хууль зүйн сайд хийж байх үедээ нүүрсний хулгайн сонсголыг ахалж байсан. Нэгдүгээрт түүнд судалж, олж авсан баримтууд их. Хоёрдугаарт Ерөнхийлөгчийн талд хөлөө тавьчихсан. Өөрсдийн улс төрдөө татан оролцуулахад амар хүн байсан. Гуравдугаарт түүнд Засгийн газарт орох хүсэл юу юунаас илүү байгаа нь анзаарагдсан. Сэлмийнх нь ир болж явсан Л.Оюун-Эрдэнийн толгойлсон хамтарсан Засгийн газарт багтаагүй Б.Энхбаярт голд нь нэг юм үлдсэн биз. Ингээд захиалгаар “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ороод Д.Амарбаясгаланг хуулийн хэллэгээр олон нийтэд яллаж өгөөд өөрөө баатрын дүрд хувираад удалгүй хулгайчтай тэмцэх Хууль зүй, дотоод хэргийн сайд болох төлөвлөгөөг түүнд танилцуулсан байх. Мэдээж зөвшөөрч Г.Занданшатар өмнөх сайдыгаа хулгайтай тэмцэж чадахгүй байна гэж үзээд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа сүржин мэдэгдэл хийн зарласан. Энэ мэдэгдэлдээ итгэж явсан Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайд оролцсон гэж өөрөө ч хэлээд амжсан. Ингээд Д.Амарбаясгалан олон нийтэд цаазлуулж Ерөнхийлөгч хүссэнээ аван, Б.Энхбаяр ч хүссэн албан тушаалаа авч албан ёсоор Ерөнхийлөгчийн “гилийн боол” болон хувирав. Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноосоо хойш хэдэн бичиг үзүүлж мэдэгдэл хийснээс хойш өөр дорвитой хөдлөөгүй. Тийм учраас УИХ-ын гишүүд болон олон нийт хулгайтайгаа яагаад тэмцэхгүй байгаа учрыг асууж, нэхэж эхэлсэн. Ерөнхий сайдын индэр дээрээс Г.Занданшатар хариулахдаа хууль хяналтын байгууллага нь шалгалтын ажлаа хийж байгаа байх бид асуудалд нь оролцох эрхгүй гээд хэлээд сууж байна билээ. Уг нь Б.Энхбаяр л Хууль зүй, дотоод хэргийн сайд болохгүй бол энэ нүүрсний хулгай илрэхгүй нь гээд түүнийг томилсон гэж олон нийт ойлгоод байдаг. Гэвч ардын намын дотоод зөрчил, эвлэрэл нэрийн дор зохицоод хэсэг намжсан учраас Б.Энхбаяр одоохондоо хийх ажилгүй болчихсон байж магадгүй юм. Хугацаа авч өөр мэдээлэл рүү чиглүүлж байгаад мартагнуулдаг эрх баригч намын заль бий. Төгсгөлгүй төгсгөж гаршсан нам шүү дээ. Одоогийн байдлаар сайдын суудлаар сольж авсан Д.Амарбаясгаланд холбогдох нүүрсний хэрэг прокуророос яллагдагчаар татсан гэх мэдээллийн дор гацчихсан байдалтай байгаа юм. 

Жижиг хөзөр золиосонд, том хөзөр татаасанд

У.Хүрэлсүхийн гарт одоогийн байдлаар газрын хамаг том хөзөр бий. Ёроолоос нь орой хүртэл, дөрвөлжингийн гурваас гилийн тотиго хүртэл. Гэхдээ “гилийн боол”-ыг хавчуургад эсвэл дундуур шидлээд л орхидог. Удаан атгад тогтоод байдаггүй мод. Хөл эсвэл толгой болчихдог урвагч дүртэй мод ч гэгддэг. Тоглоомын явцад тааруулж эрт эсвэл орой хаях хэрэг гарна. Ямар ч нөхцөлд эзэндээ хамгийн үнэнч мод бол “гилийн боол” юм. Гэхдээ энэ “гилийн боол” тулсан газар ноёноо ч идэж чаддаг гэдгийг мартаж болохгүй. Өнөөдрийн дүр зургаар гилийн тотиго нь аавын хүү учрал, бундын тотиго нь арын албаны анд Г.Занданшатар нь болчхоод байгаа. Толгой мэдэж Н.Учрал намын дарга, УИХ-ын дарга болоогүй, том улс төрч учраас Г.Занданшатар Ерөнхий сайд болоогүй. Том дэмжлэг байсан учраас л эрх мэдлээ булаацалдсан энэ цаг үед тэр хоёр төрийн сэнтийд заларсан. Бүх юм тооцоотой гэдэг шиг л. 

Гартаа хамаг том хөзрийг атгаад суучихаар яаж гарахаа шийдэж чаддаггүй нэг зовлон бий. Бунд, гил гэсэн хоёр тотигын алийг нь түрүүлж тавихаа ч сайн бодох хэрэг гардаг. Зарим үед бундын тотиггүй мэт царайлж гилийн тотигоо золиосонд хийх ч хэрэг гарна. Гэхдээ одоохондоо өрсөлдөгчийн хөзөр дэндүү сул учраас “гилийн боол” гэх мэт жижиг хөзрүүдээр гацааж суугаа нь өөрт амар. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж жинхэнэ улс төр эхэлбэл одоо нам дотроо багтаж чадахаа байсан тэдний хагарал ид оволзож гилийн тотиго уу, бундын тотиго уу дээрээ л тулах байх. Гарцаагүй нэг нь золиосонд гарна. Олон тоглогчид түрүүлж бундаа тавьдаг. Эсвэл бундын тотигынхоо дүрд хувирчихдаг.

"Бид албан ёсоор биш ч албан бусаар Ерөнхийлөгчийн засаглалтай улс болон хувирч байна" бичвэр тун удахгүй...


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe