Албан бусаар Ерөнхийлөгчийн засаглал руу

Б.Энхтулга
2025-12-01

Монгол Улсын Ерөнхийлөгч хэдийгээр нам бус байж намаасаа татгалзан намын дотоод хэрэгт оролцдоггүй ч гэсэн далдуур яаж оролцож, удирдаж чаддаг вэ гэдгийг У.Хүрэлсүх тодоос тод харуулж байгаа хэмээн олон улс төрч судлаач ярьдаг. Улсын Ерөнхий прокурор Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ хэлэлцээд томилно, Улсын бүх шатны шүүгчийг Ерөнхийлөгч батламжилна. УИХ-ын дарга Хүний эрхийн үндэсний комиссын даргаас эхлээд Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Монгол банк зэрэг чухал газруудын даргыг УИХ-аар хэлэлцээд томилдог. Харин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нараас гадна АТГ, ЦЕГ, ТЕГ гэх авлигын гэмт хэргийг илрүүлэх гурван холбоост газрын даргыг томилдог. УИХ-ын даргаар У.Хүрэлсүхийг нэгэн цагт аав гэж дуудаж явсан Н.Учрал томилогдсон. Ерөнхийлөгчөөс орж ирсэн томилгоонууд сөрөг хүчин л тээг болохгүй бол саадгүй явна гэсэн үг. Харин Ерөнхий сайдаар сонгуульд унаад ядарч явах үед нь арын албандаа багтааж явсан Г.Занданшатар нь ажилладаг.

МАН-ын хагарал дуусан ч улс төрийн томилгоонууд хэрхэн явагдаж байгаагаас Ерөнхийлөгчийн тал дийлсэн гэдгийг харж болно. Намын даргад Н.Учрал үнэмлэхүй ялалт байгуулсан, УИХ-ын даргад танилцуулах үед сөрөг хүчин нь эсэргүүцсэн ч хүчиндэж оруулаад дэмжүүлсэн. Тэргүүн Шадар сайдаар Ж.Энхбаярыг удирдаж байсан яамыг нь орхиулан барин томилсон. Харин Х.Ганхуяг төсвийн хэлэлцүүлгийн үеэр Г.Занданшатартай гар нийлж ажилласан учраас шадар сайдын албан тушаалаар шагнагдсан. Үндсэндээ У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалын тэргүүн, парламентыг даргалагч, намын удирдлага гээд бүхий л шатанд өөрийнхөө хүмүүсийг байршуулав. Дээрээс нь нэмээд сөрөг хүчин нь ч гэсэн далдуур гар барьсан гэлцдэг. Цэцийн гишүүд нь хүртэл түүний нөлөөгөөр өдий хүрч яваа С.Бямбацогт, Г.Занданшатар нарын удирдлага дор ажиллаж явсан хүмүүсээр бүрддэг. Энэ улс албан ёсоор биш ч албан бусаар нэг хүний удирдлага дор орж байгааг хардах нэг өнцөг нь энэ юм.

Дүү нар нь ч гэсэн томилгоогоо эхнээс нь хийгээд эхэлсэн. Н.Учрал өөрийн мэдлийн хүрээн дэх УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баасандоржийн оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг томилсон. Л.Өлзийсайхан нь Засгийн газрыг огцруулсан шийдвэрийг хэлэлцэх үед Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг гаргаж явсан нэгэн. Хуульчийн ажил мэргэжлийн оргил цэгээс өөрийн хүсэлтээр бууж УИХ-ын даргын дэргэд ирэх сонголт хийж байгаа нь цаашдаа улс төрд орох бодолтой ирсэн байж магадгүй юм. Н.Учрал түүний араас Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилох гэж байна. Энэ бол тэтгэврийн зээлийг яаралтай 36 сар болгох ажлыг гардан хийлгэхээр өөрийн итгэлт хүнээ тавьж байгаа үйл явц байх. Харин Г.Занданшатар ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг чөлөөлж түүний оронд Ж.Болдыг томилсон. Удахгүй тагнуулын ерөнхий газрын даргын асуудал ч яригдах магадлалтай байгаа юм. Түүний үүрэгт хугацаа нь ч ирэх онд дуусгавар болж байгаа билээ. Мөн “МИАТ”, Мэдээлэл холбооны сүлжээ, ДЦС-4 гэх гурван газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон.  Энэ мэтчилэн бид ардчилсан парламентын засаглалтай улс ч гэсэн нэг хүний удирдлага, нөлөөгөөр шат шатандаа томилгоо болон аливаа асуудлыг шийддэг үе бидэн дээр өөрөө ирчхэж. Парламентад өөрсдийн талд ажиллах ямар ч хуулийн төсөл оруулан батлуулж чадахаар хэмжээний бүтцийг Ерөнхийлөгч болон түүний нөхөд өнгөрсөн хугацаанд өрж бий болгосон нь дээрх зураглалаас харагдаж байна.

Ардчилсан Монгол Улсын Ардчилсан парламент ийм бүтэц дор яг ажиллаж чадах уу, сөрөг хүчин эрх баригчдын дороос амьсгаа гаргаж чадах нь уу. Эсвэл үлдсэн хоёр жилийн хугацаанд МАН үргэлжлүүлэн Монгол Улсаар наадаж сонгууль тулах үед дахин өөрсдөдөө тааруулан хуулийг өөрчилж бидний өлөн амьдрал үргэлжилж тэдний өнгөт амьдрал өөдлөн дэвших үү. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe