Бүх цаг үеийн хамгийн амжилттай телевизийн шоу “Friends” буюу найзууд цуврал энэ он дуусахтай зэрэгцээд Их Британийн Netflix-ийг орхих болсноо мэдэгдлээ. Харин тус улсад АНУ-ын HBO Max удахгүй нээлтээ хийх гэж байгаа бөгөөд тус платформ руу шилжиж магадгүй байна.
Цувралд Женнифер Энистон, Куртени Кокс, Лиза Кудроу, Мэтт Леблан, Мэттью Перри, Дэвид Швиммер зэрэг алдартай жүжигчид 1994 оноос эхлэн 10 улирлын турш 236 ангид тоглосон байдаг.
Найзууд цуврал 2004 онд дууссан бөгөөд дууссанаасаа хойш 20 жилийн дараа ч хамгийн амжилттай цуврал хэвээр үлдэж, соёлын нөлөөг хадгалсаар байгаа билээ.
Тус шоуны шүтэн бишрэгчид энэ мэдээг сонссоныхоо дараа сэтгэл дундаар байгаагаа илэрхийлсээр байна. Сүүлийн жилүүдэд энэхүү шоу олон улсын Netflix-ээс хасагдсаар байгаа. АНУ-д гэхэд 2020 онд хасагдаж, HBO Max руу шилжсэн бол Монгол улсад өнгөрсөн жилээс эхлэн буужээ.
Энэхүү цуврал Warner Bros. кино компанид жил бүр нэг тэрбум ам.долларын орлого оруулдаг бөгөөд гол дүрийн жүжигчид цувралын орлогоос жил бүр хоёр хувь хүртдэг байна.
Мөн "Friends" цувралыг кино сандаа байлгахын тулд Netflix Warner Bros. кино компанид 100 сая ам.долларыг төлдөг байсан бол HBO Max энэ алдарт цувралыг өөрсдийн тавцанд байршуулахын тулд тус компанид 425 сая ам.доллар төлөх гэрээ хийсэн удаатай.
Сэтгэгдэл үлдээх