“Энержи Ресурс” ХХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 18 МВт хүчин чадалтай Ухаа Худаг ДЦС барьж, 2011 оны 9-р сард ашиглалтад орсон. Төслийн хөрөнгө оруулалтын дүн нь ойролцоогоор 75 тэрбум төгрөг.
Дотоодын 80-аад компани, 1500 гаруй инженер, техникийн ажилтнууд оролцож, “Монголчууд өөрсдийн хүчээр станц барьж чадна” гэдгийг харуулсан, хувийн хэвшлийн бүтээн байгуулалт, дотоод нөөц, инженер мэргэжлийн чадавхийг батлан харуулсан анхны жишиг төслүүдийн нэг билээ.
Улмаар монгол инженерүүд төсөл удирдах, технологи нэвтрүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт гүйцэтгэх туршлага хуримтлуулжээ.
Уг станц Ухаа Худаг уурхай болон түүнтэй холбоотой дэд бүтцүүд болон Өмнөговь аймгийн Цогтцэций сум зэрэг төвийн эрчим хүчний шугамаасаа алслагдсан орон нутгуудыг эрчим хүчээр хангадаг.
2011 оны 8 сараас 2025 оны 12 сарын 1 хүртэлх хугацаанд нийт 1,468,263.10 мян.кВт.цаг (1,468,263,100.0 кВт.цаг) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь 14 жилийн хугацаанд 1.4 тэрбум кВт.цаг гэсэн үг.
Усны хэрэглээг боломжит хэмжээгээр хэмнэдэг технологийг ашиглаж, говийн хөл, хүйтэн, хуурай уур амьсгалд тохирсон хуурай хөргөлтийн систем нэвтрүүлсэн. Мөн үнсийг хортой материалаас салгах, цахилгаан фильтер ашиглах зэрэг стандарт арга хэмжээг баримтлан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа талаараа тайландаа дурджээ.
Сэтгэгдэл үлдээх