Монгол хүүхдүүд 38 улсын хүүхдүүдээс 2-5 жилээр боловсролын хоцрогдолтой байна

Д.Халиунаа
2025-12-04

Амьсгалын замын халдвар болох томуу, томуу төст өвчний дэгдэлт газар авснаар энэ долоо хоногоос эхлэн 1-5 дугаар ангийг, дараа долоо хоногоос буюу 8-ны өдрөөс 6-9 дүгээр ангийн сурагчдын хичээлийг цахим руу шилжүүлэх шийдвэр гарсан.

Ханиад, томууны өвчлөл зөвхөн энэ жил л ихсээд байгаа юм биш. Жил бүрийн 12 дугаар сарын эхний 2-3 дахь долоо хоног буюу хичээлийн 50 дахь долоо хоногт өвчлөл оргил үедээ хүрдэг. Харин энэ үе энэ жил 46 дахь долоо хоног дээр таарч байна.

Ирэх жил ч эл үеэр өвчлөл нэмэгдэх нь тодорхой. Гэтэл боловсрол, эрүүл мэнд гэх хүний анхдагч, суурь хэрэгцээ, хүүхдийн амин чухал асуудлыг тус тусдаа хариуцдаг хоёр яамны үйл ажиллагааны үр дүн тун базаахгүй байгаа нь харагдаж байна.

Боловсролын салбарын багш, ажилчид 10 дугаар сарын 16-наас 11 дүгээр сарын гурваны хооронд ажил хаялт зарлаж, сурагчид 10 гаруй хоног гэртээ сууцгаасан. Мөн 2020, 2021 онуудад Ковид-19 цар тахлын улмаас нийслэл болон орон нутгийн сурагчдын хичээлийг бүрэн цахимд шилжүүлсэн.

Үүний үр дүнд олон мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орж, тус хугацаанд 178 мянган хүүхэд ямар нэгэн байдлаар боловсролд хамрагдаагүй нь тогтоогдсон.

Эдгээр сурагчдын хоцрогдол одоо ч бүрэн арилаагүй байна.

2021 оны тавдугаар сард БШУЯ-ны сайдын А/190 дугаар тушаалаар батлагдсан ковид-19 цар тахлаас үүдэлтэй сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах зорилготой цогц төлөвлөгөө батлагдсан байдаг. 

Үүний хүрээнд нийслэлийн 1700 гаруй багш хамруулсан судалгааны үр дүнд ердөө 13.5 хувь нь хоцрогдлыг арилгасан гэж хариулжээ.Үүнийг олон улсын жишиг ч баталж байна.

Жишээ нь монгол хүүхдүүдийн мэдлэг 38 улсын хүүхдүүдээс 2-5 жилээр боловсролын хоцрогдолтой байгаа бол унших чадвараар олон улсын дунджаас таван жил, Азийн улс орнуудын дунджаас 2.5 жилээр хоцрогдолтой байна.

Үүнээс харахад монгол хүүхдүүд асар их боловсролын хоцрогдолд өртөж байна.

Энэ мэтчилэн цахим нэртэй хичээл яг үр дүнтэй байдаг уу, хүүхэд бүр цахимаар хичээллэх боломжтой эсэхэд цэг тавихаар Чингэлтэй дүүргийн 11-р хорооноос сурвалжиллаа.

Хороон дээр цаг гаруй сууж хүлээсний эцэст тус дүүргийн иргэн Г.Эрдэнэчимэгтэй уулзаж, гэрт нь зочиллоо. Түс тас яриатай, инээд алдсан энэ эмэгтэй ач нараа хардаг. Дэрсхэн хоёр хүү тавдугаар анги бөгөөд нэг ангид сурдаг гэнэ. 

Чингэлтэй дүүргийн 11-р хорооны иргэн Г.Эрдэнэчимэг “Хүүхдүүд цахимаар хичээллэхэд маш хүндрэлтэй байдаг. Ялангуяа интернэт, дата зэрэг холбогдох хэрэгслүүдээс авхуулаад асуудал их гардаг. Өглөө гараад орой ирдэг миний хувьд ач нараа орхиод явахад санаа зовж байна. Цахим яагаад ч танхимын сургалтыг гүйцэхгүй” хэмээлээ.

Мөн Г.Эрдэнэчимэг эгчийн хэлсэн хамгийн тодотгомоор санаа бол боломж, бололцоогоороо хүүхдүүдээ хэрэгслээр хангаад сургаж байгаа айлууд байгаа ч нөгөө талд хичээлээ хийгээд суух ширээгүй, гар утасгүй, интернэтгүй нөхцөл байдалтай хүүхдүүд гэр хорооллын айлуудаар дүүрэн байгааг хэлсэн юм. Яг ийм шалтгаантай хэдэн мянган хүүхэд байгаа бол?, тэдний  хичээлийн хоцрогдлыг хэн нуруундаа үүрэх вэ? 

Нийслэлийн 57-р сургуулийн тавдугаар ангийн сурагч Б.Давааням “Цахимаар хичээл яаж орохыг сайн ойлгохгүй байгаа. Утастайгаа арай холбоогүй байна. Бас хичээл танхимаар орох нь гоё байдаг. Яагаад гэвэл найзуудтайгаа ойрхон байж, ойлгохгүй байгаа зүйлээ багшаасаа асуухад амар байдаг. Бид хоёр нэг ширээн дээрээ шахалдаад хичээлээ хийдэг. Заримдаа хэрэлдээд, заримдаа ээлжлээд л хийчихдэг” хэмээн инээд алдан ярилаа.  

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн гуравдугаар анги хариуцсан багшаас сурагчид цахим хичээлд хэдэн хувийн ирцтэй хамрагдаж байгаа талаар тодруулахад, хичээлийн ирц 45-60 хувьтай байна гэв. Тэр дундаа асран хамгаалагчид ажилдаа явсан цагаар сурагчид хичээлд бага хувьтай хамрагдаж байгааг онцолсон.

Мөн Толгойтын 107-р сургуулийн нэгдүгээр анги хариуцсан багшаас энэ талаар тодруулахад, асран хамгаалагчид байхгүй цагаар хүүхдүүд цахим хичээлдээ орж ирдэггүй. Тиймээс орой 18 агаас хойш хичээлээ орж байгаа бөгөөд ирц дундаж байгаа хэмээн ярилаа.

Судалгаагаар нийт сурагчдын 30 орчим хувь нь цахим хичээлд хамрагдах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ. 

Ардчилсан орны давуу тал бол сонгох эрх чөлөө. Үүний тулд л хувийн сургуулиуд өндөр төлбөр авч эрүүл, аюулгүй, чанартай сургалт хүргэдэг. Гэтэл төрийн балгийг сайн үйл ажиллагаатай хувийн хэвшлийнхэн ч үүрч байна. Эцэг эхчүүд өндөр төлбөр төлж, дээрх эрсдэлүүдээс хамгаалах сонголт хийсэн байтал боловсролын ялгаатай байдал нэрийдлээр улс орны боловсролыг тэр чигт нь "утааруулж" байна. 

Жил бүр ингээд л өвөл боллоо, ханиад гарлаа гээд дур мэдэн сургалтын үйл ажиллагааг сааруулсаар байх уу?

Угтаа хүүхдүүд яагаад өвчлөөд байна вэ гэвэл өнөө л агаарын бохирдол, хүүхдэд ээлгүй хотоос үүдэлтэй. Иймд тэдний эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжийг бүрдүүлж, чанартай боловсрол олгох тал дээр анхаарвал зүйтэй. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe