М.Дагва: Геологийн нөөцөөс өндөр өгөөж тооцох нь алимыг бананатай харьцуулахтай адил

Ц.Чимэдцэеэ
2025-12-04

Уул уурхай тойрсон асуудал дундаас Оюу толгойн бүлэг ордыг ашиглахтай холбоотой УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын дурдсанаар Онтрэ ХХК-ийн эзэмшил бүхий Жавхлант болон Шивээ толгойн лицензэд бүлэг ордын геологийн нөөцийн 32 хувь ногдож байна гэх том тоо анхаарал татах болсон.

Тэгвэл уг 32 хувийн нөөцийн цаана ямар асуудал байгаа талаар Монголын Геологи, Уул уурхайн мэргэшсэн институтийн Ерөнхийлөгч, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш М.Дагватай ярилцлаа.

– Шивээ толгой, Жавхлант ордуудтай холбоотой янз бүрийн мэдээлэл гарах боллоо. Яг үнэндээ геологийн нөөцөд байгаа 32 хувьд ногдох ашигт малтмалыг тэр чигт нь олборлож болох уу?

– Байгалийн хөрсөн доор металл агуулсан чулууны нийт хэмжээгээр геологийн нөөц (resource) гэдэг тоо гардаг. Гэхдээ энэ бүх чулууг олборлох боломжтой гэсэн үг биш. Үүнээс уул уурхайн аргаар эдийн засгийн хувьд олборлох боломжтой хэсгийг ялгаад бодит нөөц (reserve) гэж нэрлэдэг.

Жишээлбэл, Оюу толгой ордод нийтдээ 45 сая тонн зэсийн геологийн нөөц байна гэж тогтоогдсон.  Үүнээс 25 сая тонн зэс нь бодит(reserve) буюу олборлох боломжтой нөөцөд шилжсэн байна.

–Яагаад геологийн нөөцөөс бүх ашигт малтмалыг авах боломжгүй байдаг вэ?

– Хэд хэдэн шалтгаан бий. Ордын хэлбэр зарим хэсэгтээ нарийсдаг, зарим нь баялаг, зарим нь ядуу зэргээс жигд биш байдаг. Гүнзгий, алслагдсан хэсэгт хүрэх зардал өндөр бол ашиггүйд тооцогдоно. Техник технологийн боломж, зах зээлийн үнэ байнга өөрчлөгдөнө. Иймээс геологийн нийт нөөц ашиглах боломжтой нөөц рүү бүрэн шилждэггүй.

– Геологийн нөөц болон бодит нөөцийг тогтоолоо гэхэд өөрчлөгдөх боломжтой юу?

– Энэ тоо нэг удаа тогтоогдоод “хадгалагддаг” зүйл биш. Байнга өөрчлөгдөж, бодит нөөцөөс геологийн нөөц, геологийн нөөцөөс бодит нөөц болох тохиолдол бий. Үргэлж хөдөлдөг гэсэн үг. Энэ нь зэсийн дэлхийн зах зээлийн үнэ өсөх, буурах, урхайн зардал, шинэ технологи, шинэ олборлох арга гарч ирэх, эмэлт дөрвөн улирлын хайгуул үргэлжлэх зэрэг хэд хэдэн шалтгаантай.
Үнэ өсвөл геологийн нөөцөөс шинэ хэсэг бодит нөөц (reserve) рүү шилжинэ. Үнэ унвал эсрэгээрээ буцна. Энэ бол олон улсын нийтлэг зарчим. Уурхай ажиллах хугацаанд тасралтгүй шинэчлэгдэж байдаг.

Том ордуудын хувьд эхний шатны нарийвчилсан судалгаа 7–20 жил үргэлжилдэг.

– Ашигт малтмалын орд байна, нөөц тогтоогдлоо гэхээр шууд өгөөж өгөх нь, ашигтай ажиллах нь гэсэн ойлголт байдаг.  Гэтэл цаана нь бас эрсдэл бий байх?

– Авенхоу майнз компани Oюу толгойг олохын өмнө Монголд болон бусад оронд 20–30 талбайд зэрэг хайгуул хийсэн. Ихэнх нь амжилтгүй буюу гарсан зардал нь шууд алга болсон.

Яг сугалаа шиг, нэг аймгийн бүх хүмүүс сугалаа сугалахад ганцхан хүн 100 сая төгрөгийн сугалаа хожиж, бусад бүх хүн 100 мянган төгрөг алдсан бол алдсан хүмүүс нь тэрийгээ ярихгүй. Харин ганц сугалаа хожсон хүнийгээ л хараад л бүгд тийм сугалаа хожчихсон юм шиг ойлгоод байгаатай л зүйрлэмээр. 

Тэр утгаараа хайгуулынхаа шатад бол их том эрсдэл байж байдаг. Дараа нь тэр ордыг олдсоны дараа нөөцийг нь уурхай байгуулахад хөрөнгө оруулах хэмжээнд хүртэл нарийвчлан судлах, үйлдвэр барих ч юм уу дэд бүтэц барих бүх судалгаануудыг хийх бүх мөнгийг нь босгох нь тухайн нэг компанийн өөрийнх нь дансанд байгаа мөнгөөр хийх боломжгүй зүйл.

Иймд мөнгөтэй газруудаас манай энэ төсөлд мөнгөө оруулчхаач гэж танилцуулж мөнгө татах ажил хийж байдаг.  Тэр болгон өндөр ашигтай биш төслүүдэд мөнгө олдоход хэцүү гэх мэтчилэн олдсон орд болгон нэгэн зэрэг уурхай болоод ч юм уу үйлдвэр болоод явчихдаггүй.

 Ингээд зүгээр эрсдэлүүдийг нь яриад байвал маш олон эрсдэл ярьж болно.

– Ашиг хүртэх хугацаа ямар байдаг вэ?

– Ашигт малтмалын төрлөөс хамаарна. Алт гэх мэт өндөр үнэ цэнтэй металл хөрөнгө оруулалтаа хурдан нөхнө. Зэс зэрэг том төсөл  7–12 жил, эсвэл үнийн мөчлөгөөс хамаарч 4–15 жил хүртэл өөрчлөгдөнө. Үнэ өсвөл богино хугацаанд нөхнө, үнэ унавал олон жил хүлээнэ.

– Төр өөрөө ордоо ашиглая гэдэг санаачилга үеийн үед гардаг. Ард нь хариуцлага яригдах учиртай байх?

– Олон нийт үүнийг их энгийнээр ойлгодог. Гэвч үнэн хэрэгтээ орд ашиглах шийдвэр гаргавал хайгуулын эрсдэл, үйлдвэр барих хөрөнгө оруулалт, зах зээл унахад гарах алдагдал, технологийн эрсдэл бүгд төрийн хариуцлага болно.

Ялангуяа манай ордууд говийн бүсийг хамаарч байна шүү дээ. Энэ бүс өндөр гүнтэй, их зардалтай, дэд бүтэц хол, усны хомсдолтой тул төр өөрөө ашиглах нь асар том эрсдэл.

– Дээр дурдсан Онтрэ компанийн хоёр лицензтэй холбоотой нөөцийг ашиглах талаар юу гэж харж байна вэ?

– За тэрийг яг Онтрэ гэдэг компани бол өөрөө хөрөнгө оруулаад ашиглах ямар ч сонирхолгүй байгаа байх гэж би бодож байна. Энэ нөөц бол OT-н далд уурхайн биетийн үргэлжлэл. Дангаараа тусдаа орд биш.

Лиценз гэдэг чинь өөрөө тэр ордыг нь мэдэхгүй байхад олгосон учраас зүгээр л нэг цаасан дээр нэг талбайг хуваачихсан зүйл шүү дээ тэ. Түүнээс биш орд нь яг энэ доор нэг орд явж байгаад ингээд 2 талбайд хуваагдаад орчихлоо гэдгийг мэдэхгүй байх үед олгочихсон зүйл.

Яг иймэрхүү хувь заяатай ордуудын үндсэн том ордыг эзэмшээд, тийш нь үйлдвэр барих хөрөнгө оруулалт хийчихсэн тэр компани л тэр дэд бүтцээ ашиглаж очиж авбал ашигтай. Түүнээс биш зөвхөн тэр Шивээ толгой гэдэг дээр байгаа хэсэг рүү тусад нь уурхай байгуулаад оръё гэвэл тэр ямар ч ашиггүй л болох байх. Яагаад гэвэл нэг босоо ам нэвтэрч доошоо бараг 2км орчим гүн рүү ороход чинь бараг 1 тэрбум долларын зардалтай. Тэгээд ганцхан амаар авна гэж байхгүй.

Аюулгүй ажиллагаа талаасаа 2, 3 ам нэвтэрнэ. Ингэхэд зөвхөн тийшээ явж очих уурхай барих нь өөрөө 2, 3 тэрбумын зардатай. Дахиад ОТ-н хажууд зэрэгцүүлээд баяжуулах үйлдвэр барья гэвэл дахиад л 1 тэрбум доллар гардаг ч юм уу.

Тийм хөрөнгө оруулалтыг даахгүй. Тэгэхээр Онтрэгийн бизнесийн стратеги нь ОТ-той тохироод, олборлуулчхаад гарч ирэх бүтээгдэхүүнээ хуваах л тухай.

Онтрэ гэдэг компани чинь бас нэг эрх байгаа шүү дээ. Бизнесийн зарчмаар явж байгаа тэр лицензийг яг тоглоомынх нь дүрмийн дагуу аваад, хадгалаад байж байгаа бол соёлт ертөнцийн улсын хуулиар л харьцах байлгүй дээ.

-Засгийн газрын хувьд ямар оролцоотой байх вэ?

-Манайд чинь одоо нэг тийм стратегийн орд гэдэг ойлголт байна. Хуульд заачихсан. Түүгээрээ ОТ-н ордын 34 хувийг манай улс үнэгүй эзэмшчихсэн явж байгаа.

Рио Тинтогийн эзэмшилд байгаа Туркойз Хилл Онтрэ хоёр гарч ирсэн хүдрийн 80 хувийг Туркойз Хилл ав, 20 хувийг нь Онтрэд үлдээнэ шүү гэж тохирсон.

Тэгэнгүүт манай ОТ дээр хийсэн хөрөнгө оруулалтын билүү хувь нийлүүлэгчийн гэрээн дээр “Хэрвээ Туркойз Хилл-д ОТ-н ордын нэмэлт лиценз нэмэгдэж орж ирэх юм бол түүний 34 хувь Монголын талынх шүү” гэдгийг нь угаасаа заагаад өгчихсөн байгаа.

Тэгэхээр тэр ордын 80 хувийнх нь 34 нь бол угаасаа манай ЗГ-ын карманд ороод ирчихсэн.

Харин Онтрэд үлдэж байгаа 20 хувийнх нь 34 хувийг хуулиараа авах л ёстой юм шиг байгаа юм. Тэрийгээ яаж авах вэ гэдэг нь манай ЗГ, Онтрэ хоёрын л хооронд ярих асуудал.

-Энэ 20 хувьд ногдох 34 хувийг авлаа гэхэд хайгуулын ч юмуу, өмнө гаргасан зардлыг манай Засгийн газар нөхөж өгөх тухай асуудал яригдах уу?

-Одоо ОТ дээр ямар жишиг үүсчхэв гэхээр ОТ-н 34 хувьд өр бичигдээд яваад байсныг 2021 онд үнэгүй болгочихсон шүү дээ.

Монголын ЗГ мөнгө гаргаж чадахгүй, өмнөөс нь Рио Тинто мөнгө өгөөд, түүнийг хүүтэй нь ноогдол ашиг авах үедээ буцааж төлөөрэй гэдэг тийм тохироотой байсан. Гэтэл зардал нь нэмэгдсэнээсээ болоод ногдол ашиг авах хугацаа хойшлоод байсан шүү дээ. Тэр нь хооронд хүү нэмэгдээд, бүр худлаа, үлгэр боллоо гэдэг асуудал гарсан.

Тэгээд Рио Тинто талаасаа санаачилга гаргаад 34 хувиа үнэгүй ав гэсэн. Тэгэхээр Шивээ толгойн 34 хувь бол дагаад үнэгүй ирэх байх гэж би ойлгож байгаа юм. Онтрэтэй ярихдаа ОТ дээр ийм жишиг байна аа, энэ жишгийг танайхтай бас ярина аа гэдэг ч юм уу. Иймэрхүү л асуудал манай талаас яригдах байлгүй дээ.

Түүнээс нэгээс нь үнэгүй авч болсон юмыг нөгөөд нь үнэтэй авах жишиг гаргаж болохгүй байлгүй дээ.

-Бүлэг ордын 32 хувь буюу охь шим нь Онтрэд байна гэж яригдаад байгаа. Энэ геологийн нөөц үнэхээр охь шим, өндөр өгөөж бүхий гэдгийг яаж мэдэх вэ?

-Тэрийг одоо гаргаж ирсэн хүнээс нь л асуух ёстой байх. Шивээ толгойд  байгаа геологийн нөөц (resource)-ийг ОТ-д байгаа бодит нөөц(reserve)-тэй ч юм уу харьцуулчихвал алимыг бананатай харьцуулсан болчихно шүү дээ.

Надад байдаг ойлголтоор бол Оюу толгойн бүлэг ордын бараг 85-аас дээш хувь нь Оюу толгойнхоо лиценз дотор байгаа л гэж би ойлгож байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe