Цэцийн эзгүй суудал, түүний амбиц

.Graph
2025-12-10

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан ажлаа хүлээлгэн өгч УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд очсон. Тийм болохоор Үндсэн хуулийн цэцэд нэг суудал онгойсон гэсэн үг. Харин одоогийн Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан бүрэн эрхийн хугацаа нь дууссан учраас удахгүй чөлөөлөгдөнө. Чөлөөлнө гэдгээ ч УИХ-ын дарга Н.Учрал хэлсэн.

Ингээд хоёр дахь суудал онгойж байна. Дээрх хоёр гишүүн хоёулаа УИХ-аас томилогдсон. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг нэг удаа зургаан жилээр томилдог. Энэ хугацаа нь дууссан нэг, удахгүй дуусах гэж байгаа хоёр гишүүн байна.

Тухайлбал Дээд шүүхээс томилогдсон Ж.Эрдэнэбулганы бүрэн эрхийн хугацаа ирэх гуравдугаар сард, мөн дээд шүүхээс томилогдсон Д.Гангабаатарынх ирэх 10-р сард дуусах нь ээ. Тэгэхлээр үндсэндээ ирэх онд Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүн солигдох болж байна. Ирэх онд гэдэг нь энэ ондоо багтааж эзгүйрсэн нэг суудал, эзэнтэй байгаа ч чөлөөлөгдөх болчихсон нэг суудлыг нөхөн томилж амжихгүй байх. Тийм учраас ирэх онд ээлж дараалан томилгоо хийгдэх магадлалтай юм.

Хуульдаа бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш тийм хугацаанд томилно гэх заалт байхгүй. Харин Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Улсын Их Хурлаас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болдог заалттай юм.

Гэхдээ есөн гишүүн байж асуудлаа хэлэлцэх ёстой цэц гишүүн дутуу асуудал удаан хэлэлцээд яваад байж болохгүй. Оюутолгойн сонсгол, төсвийн алдагдал гэх олныг хамарсан сэдэвт цэцийн онгорхой хоёр суудлын асуудал дарагдчихсан.

Яг энэ үед Ерөнхий сайдыг Үндсэн хууль зөрчиж огцруулсан гэх өнгөрсөн УИХ, Засгийн газар хоёрын Үндсэн хуулийн цэц дээрх маргаан дээр хамгийн их дуугарч зөв, буруугийн талд зогссон Б.Гүнбилэг өөрийн нэрээ цэцийн гишүүнд дэвшүүлэв.

Фейсбүүкээрээ дамжуулан Их Хурлын даргад хандан би яг ан цав тохирсон хүн нь байна. Тийм учраас намайг дэмжээд өгөөч ээ хэмээн хүсэв.

Байж болох л хүн. Хамгийн гол нь түүнд УИХ-ын квотоор цэцийн гишүүн болох улс төрийн дэмжлэг дутна. МАН айхтар хагарч хоёр тал болон зөрчилдөх үед Д.Амарбаясгалангийн талд ил нэг далд нэг зогсож Ерөнхий сайд Г.Занданшатарыг багагүй зулгаасан. Өөрийнх нь үг улс төрийн зорилгогүй гэж хэлж байсан ч үйлдэл нь түүний зорилгыг тодорхойлсон юм. Хэрвээ Д.Амарбаясгалан ялсан бол цэцийн зүг түүний зам засагдаж болох байсан байх. Харамсалтай нь тийм зүйл болоогүй

Уг нь мэргэжлийнхээ хувьд сайн гэлцдэг ч улс төрийн дэмжлэг гэж айхтар давааг давж чадахгүй л байх шиг. Ёстой л нэгэн цаг үеийн сайхан цагаа дурсаад Г.Занданшатар нь гараа сунгадаггүй л юм бол хэцүүхэн дээ. Түүний хувьд 2023 онд одоогийн цэцийн гишүүн О.Мөнхсайхантай Улсын дээд шүүхээс цэцийн гишүүнд нэр дэвшин ялагдаж байсан билээ.

Онгойж байгаа суудалд илээр өөрийгөө дэвшүүлж байгаа нь нэг хүн боловч далдуур нэр дэвшиж байгаа хүмүүс мэдээж олон бий. Ажилласан туршлага, захиргааны эрх зүй, тэр дундаа үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр туурвисан эрдэс шинжилгээний бүтээл, судалгааны ажлуудыг нь харахад магадлалтай хүмүүсийг дурдвал Н.Лүндэндорж, Т.Алтангэрэл гэх мэтчилэн хүмүүс байгаа юм.

Мөн одоогийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тухтай ажлаасаа хөндийрч Үндсэн хуулийн цэц рүү дэвшиж ч магадгүй. Учир нь нэгэн цагт зөвлөж явсан Ерөнхийлөгч нь МАН-ын зөрчилд илүүрхсэн билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe